Стандарт хэмжил зүйн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс санаачлан Аймгуудын Стандарт хэмжил зүйн хэлтсүүдийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна.
Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 1981 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс "Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагын зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 1979 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх" зорилготойгоор байгуулагджээ. Зах зээлд шилжсэнээр нэр төрөл нь олширсон олон гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангах явдал чухлаар тавигдаж Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01-р сарын 29-ний өдрийн 12 тоот тогтоолоор Эрдэнэт хотын Хэмжил зүйн төвийг байгуулж ажиллуулсан байна. 1992 онд Засгийн газрын тухай хууль батлагдаж шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор аймгуудад Стандартчилал хэмжил зүйн байгууллагуудыг бие даасан босоо удирдлагатай байгууллага болон өөрчилсөнтэй холбогдуулан Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 08 дугаар сарын 19-ний 83 тоот тогтоолоор хотын хэмжил зүйн төв, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн бодлогын хэлтэст харьяалагдаж байсан Стандартчилал чанарын асуудлыг нэгтгэж, хотын "Стандартчилал хэмжил зүйн төв" байгуулагдсан түүхтэй. Стандартчилал, техникийн зохицуулалт, стандартын сургалт, мэдээлэл лавлагааны салбар төв, Итгэмжлэгдсэн баталгаажуулалтын алба, Хэмжил зүйн баталгаажуулалтын лаборатори, Хими-нян судлалын лаборатори, Захиргаа, аж ахуй гэсэн бүтэцтэй. Нийт 19 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
![](https://masm.gov.mn/tuv/images/news/1689819715_12.jpg)