Орхон аймгийн нутаг дэвсгэрт үнэт эдлэлийн худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаанд Монгол улсын сорьцын хяналтын дүрэм, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, дүгнэлт гаргах зорилгоор хяналт шалгалтыг аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран 2023 оны 09-р сарын 26-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтанд нийт 8 үйлчилгээ эрхлэгч хамрагдлаа.
Шалгалтын дүнд “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл авсан үйлчилгээ эрхлэгч байхгүй, 5 цэгт MNS 6505:2015 “Мөнгөн аяга- Ерөнхий шаардлага” стандартад нийцсэнийг нотолсон сорьцын баталгааны тэмдэггүй, ихэнх цэгт 2023 онд борлуулж байгаа үнэт эдлэлүүдийн сорьцын баталгаанд хамрагдсан шинжилгээний дүгнэлтгүй худалдаалж байгааг анхааруулж зөрчил арилгах талаар улсын байцаагчийн зөвлөмж өглөө.