Тус хэлтэс нь Стандарт, хэмжил зүйн газраас стратегийн төлөвлөлт, зохицуулалтаар хангагдаж, Орхон аймгийн хэмжээнд стандартчилал, бүтээгдэхүүн үйлчилгээний болон хэмжил зүйн баталгаажуулалт, сорьцын хяналт хийх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байгууллага юм.
1.1 Байгууллагыг байгуулсан хууль болон бусад эрхийн акт, үндэслэл:
1921 онд Ардын хувьсгал ялж, улс орон хөгжлийн шинэ замд шилжин орсон хувьсгалт эргэлтийн үед Монгол улсад бий болсон анхны төрийн байгууллагуудын нэг нь 1923 онд үүсгэн байгуулагдсан “Жин хэмжүүрийн товчоо” байсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээгээ тэлсээр эдүгээ үндсэн 8 нэгж, 1 алба мөн орон нутгийн 20 аймагт салбар хэлтэстэй, салбарын хэмжээнд 420 гаруй ажилтан, албан хаагчид бүхий засгийн газрын тохируулагч агентлаг болтлоо хөгжиж 99 дэх жилдээ ажиллаж байна.
Тус хэлтсийн үндэс суурь нь 1981 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэд "Үнэ чанарын хэлтэс" нэртэйгээр МАХН-ын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс "Улс ардын аж ахуйд бүтээгдэхүүний чанарын удирдлагын зохион байгуулалтыг сайжруулах зарим арга хэмжээний тухай 1979 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх" зорилготойгоор байгуулагджээ. Энэ үеэс сум нэгдэл, зарим үйлдвэр, аж ахуйн газруудад үнэ чанарын асуудал хариуцсан алба, албан тушаалтан ажиллах болсон байна.
1988 оноос төр засгаас явуулсан стандарт, стандартчиллын ажлын хэмжээ ихээхэн нэмэгдсэн учир Хэмжил зүйн хяналтыг орон нутагт ойртуулах зорилгоор БНМАУ-ын СнЗ-ийн 1988 оны 83-р тогтоолын дагуу аймаг, хотын хурлын байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлт хийж, 1988 оны 05-р сарын 01-нээс Эрдэнэт хотын "Стандарт, чанарын хяналтын хэлтэс" нэртэйгээр зохион байгуулан үйл ажиллагаа явуулах болсон байна. Энэ үеэс тус хэлтэс нь орон нутгийн хэмжээнд үнийн асуудлыг хариуцахгүй болж бүтээгдэхүүн ажил үйлчилгээний чанарын хяналт талдаа түлхүү анхааран ажиллах болсон байна.
Зах зээлд шилжсэнээр нэр төрөл нь олширсон олон гарал үүсэлтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангах явдал чухлаар тавигдаж Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01-р сарын 29-ний өдрийн 12 тоот тогтоолоор Эрдэнэт хотын Хэмжил зүйн төвийг байгуулж ажиллуулсан байна. 1992 онд Засгийн газрын тухай хууль батлагдаж шинэ бүтэц зохион байгуулалтад орсноор аймгуудад Стандартчилал хэмжил зүйн байгууллагуудыг бие даасан босоо удирдлагатай байгууллага болон өөрчилсөнтэй холбогдуулан Эрдэнэт хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 08 дугаар сарын 19-ний 83 тоот тогтоолоор хотын хэмжил зүйн төв, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нийгэм эдийн засгийн хөгжил, техник технологийн бодлогын хэлтэст харьяалагдаж байсан Стандартчилал чанарын асуудлыг нэгтгэж, хотын "Стандартчилал хэмжил зүйн төв" байгуулагдсан түүхтэй.
Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу Орхон аймгийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар тус төвийн нэрийг өөрчилж, аймаг орон нутгуудад Стандартчилал хэмжил зүйн хэлтэс гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан, Тэргүүн Шадар сайдын харъяаны тохируулагч агентлаг Стандартчилал хэмжил зүйн газар гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн. 2016 онд хэлтсийн нэр “Стандарт, хэмжил зүйн хэлтэс” болж өөрчлөгдсөн нь 2016 оны Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор удирдах дээд байгууллага “Стандартчилал, хэмжил зүйн газар” нь “Стандарт, хэмжил зүйн газар” гэж нэрээ өөрчилсөнтэй уялдсан байна.
1.2. Байгууллагын статус:
Орхон аймгийн “Стандарт, хэмжил зүйн хэлтэс“ нэртэйгээр, өөрийн үйл ажиллагааны дүрмийг баримтлан, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалт, бараа, бүтээгдэхүүний чанарын сорилт, хяналт гэсэн үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсад бүртгэгдсэн төрийн захиргааны байгууллага юм.
1.3. Байгууллагын бүрэн эрх:
Хэлтэс нь
- “Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай “хуулиар тогтоосон дараах бүрэн эрхтэй:
- бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалах зорилгоор тохирлын үнэлгээг хуульд заасны дагуу явуулах;
- стандарт, техникийн зохицуулалтын улсын мэдээллийн салбар санг ажиллуулах;
- иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад стандарт боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө өгөх;
- хариуцсан асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах
- “ Хэмжил зүйн тухай “хуулиар тогтоосон дараах бүрэн эрхтэй :
- хэмжил зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- ажлын эталоныг бий болгох, хадгалах, ашиглах, тэдгээрийн нэгж дамжуулалтыг хангах;
- хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх;
- хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх.
- Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”-д заасан дараах эрхтэй:
- Сорьцын баталгаажуулалтын байдалд хяналт тавьж холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах , Тодруулбал:
- эрдэнэс олборлолтын бүртгэл нь зохих хууль тогтоомжийн дагуу хийгдэж байгаа эсэх;
- байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үнэт металлаар үйлдвэрлэсэн эдлэлийн сорьц нь стандартад тохирч байгаа эсэх;
- байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрдэнийн чулуугаар үйлдвэрлэсэн эдлэлийн тодорхойлолт нь үнэн эсэх;
- импортоор оруулж ирсэн эрдэнэсийн сорьц, эрдэнийн чулууны тодорхойлолт нь худалдааны гэрээ болон гэрээнд заасан сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны тодорхойлолттой тохирч байгаа эсэх;
- үнэт эдлэлийн сорьцын баталгааны болон үйлдвэрлэгчийн барааны тэмдгийн хэв загвар, дардсыг магадлан шалгах;
- үнэт металлын сорьц тогтоох шинжилгээний дүн, эрдэнийн чулуу тодорхойлсон талаар гарсан маргааныг таслан магадлах /экспертийн/ шинжилгээ хийх;
- эрдэнэсээр хийсэн эдлэлийн бүртгэлд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад хамрагдсан эсэх зэрэгт хяналт тавих,
- сорьц тогтоох шаардлагатай эдлэлийг үнэт металлын сорьц тогтоох лабораторид шилжүүлж шалгуулах,
- Дүрмийн заалтыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэх зэрэг болно.
1.4. Байгууллагын харьяалал:
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын орон нутаг дахь салбар.
1.5. Байгууллагын үндсэн чиг үүрэг:
СХЗХэлтэс нь аймгийн хэмжээнд стандартчиллын үйл ажиллагаа, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, бүтээгдэхүүний тохирлын үнэлгээг явуулахад "Монгол улсын үндсэн хууль", ”Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Хэмжил зүйн тухай" хуулиуд болон Засгийн газрын, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг бөгөөд стандартчилал, бүтээгдэхүүн үйлчилгээ, хэмжил зүйн баталгаажуулалт, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын үйл ажиллагаагаар дамжуулан аймаг, орон нутгийн хэмжээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн , ажил, үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй.