Хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу Жаргалант суманд 01-р сарын 12-ны өдөр ЗДТГазрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тус суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд үзлэг хийлээ.
Үзлэгт тохирлын гэрчилгээний хугацаа дууссан 2 аж ахуйн нэгжийн хүнсний дэлгүүр / Номин, Хулан/, гэрчилгээгүй нэг аж ахуйн нэгжид /Хутаг-Өндөр маркет/ баталгаажуулалтад хамрагдах талаар мэдэгдлээ. Тохирлын үнэлгээнд онлайнаар хамрагдаж гэрчилгээжсэн 6 байгууллагаар магадлан хяналт хийж, зөрчил дутагдалд арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Нийтлэг дутагдал нь худалдааны газрын технологи ажилбарыг дутуу хийж байгаа нь харагдлаа. Тухайлбал: хүнсний худалдааны үе шатанд барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилчдын эрүүл мэнд, ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадлууд болон бараа бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, чанар байдалд хяналт тавьж худалдаалдаггүй, дутуу хийдэг, нийлүүлэгч талаас тохирлын гэрчилгээтэй, хаяг шошгоны шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг авч, гэрээ байгуулдаггүй зэргийг нэрлэж болно.
Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Таны хүнс" нарийн боовны нэг цехээр орж үйлдвэрийн ариун цэвэр, эрүүл ахуй, түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн үйл ажиллагаа, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн горимын мөрдөлт, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго, тэдгээрийн ханган нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, боловсон хүчний хангамж, мэргэшлийн түвшин, сургагдаж бэлтгэгдсэн байдал зэрэг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бүхий л үйл ажиллагаанд магадлан хяналт хийж, сайжруулах арга зүйгээр хангалаа.
Чацарганы үйлдвэр шинээр байгуулж байгаатай танилцаж, хууль тогтоомжийн дагуу тохирлын баталгаажуулалтанд хамрагдаж, тохирлын гэрчилгээтэй барааг зах нийлүүлэх тухай мэдээллээр хангалаа.
Нийт 9 дэлгүүрийн жин баталгаажуулж, 2 стандартын хангалт хийж, 12 байгууллага, аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын гэрчлэх тэмдэг болон аюулгүй тэмдэгийн талаар бэлтгэсэн гарын авлагыг мэдээллийн самбарт нь байрлуулан, нийтэд ил тод сурталчилахыг мэдэгдлээ.