СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВАРТ ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТАЙЛАНГААС
Дүгнэлт :
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээгээр хэд хэдэн дүгнэлтийг гаргаж болохоор байна.
Нэгдүгээрт. Стандартыг боловсруулах, батлах процессын хувьд хуулийн холбогдох, зүйл заалтуудын хэрэгжилт харьцангнуй өндөр байна. Харин хэрэглэх, мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг зайлшгүй шаардлагатай байна.
Хоёрдугаарт. Стандартын талаарх олон нийтийн ойлголт, мэдээлэл хангалтгүй байгаа нь иргэд, хэрэглэгчдийн зүгээс шаардлага тавих, гомдол гаргах үйл ажиллагаа харьцангуй сул байна.
Гуравдугаарт. Стандартын талаарх ойлголт, түүнийг хэрэглэх асуудалд оролцогч талууд харьцангуй өөр өөр ойлголттой байгаа нь тогтоогдсон болно. Тухайлбал Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 2017 оны шинэчилсэн найруулгаар стандартыг сонгон хэрэглэх баримт буюу үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь хууль, тогтоомж, эрх зүйн актаар заавал мөрдөхөөр заагаагүй бол сайн дураар хэрэглэхээр тодорхойлсон. Энэ нь олон улсын нийтлэг практикт нийцэж байгаагийн хувьд өөр өөр ойлгоход хүргэсэн ойлгомжгүй зохицуулалтыг залруулах, тодорхой болгох нь зүйтэй байна.
Дөрөвдүгээрт. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 онд батлагдсанаас хойш зах зээл дээр тохирлын үнэлгээний байгууллагууд хангалттай хэмжээнд хүрч хөгжөөгүй байгаа ба тохирлын үнэлгээний салбарт төр, төрийн оролцоотой байгууллага давамгайлсан хэвээр байна.
Тав. Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн байгууллага бий болсон боловч үйл ажиллагааны цар хүрээ, мэргэжлийн чадавх, хүний нөөц бүрдээгүй байна. Үүнд тус байгууллагын статус голчлон нөлөөлсөн байх талтай байна.
Зургаа. Тохирлын үнэлгээний байгууллагуудын талаарх тодорхойлолт, зохицуулалт хэт ерөнхий байгаа нь нарийвчилсан журам, зохицуулалтуудыг боловсруулах, батлан мөрдүүлэхэд ойлгожмгүй байдлыг бий болгосон байна.
Долоо. Төрийн хяналт, шалгалт болон тохирлын үнэлгээний хяналт, олголтын процессыг зааглах, оролцогч талуудын ойлголтыг залруулах шаардлагатай байна. Иймд тохирлын баталгаа олгох үйл ажиллагааг зөвхөн тохирлын үнэлгээний байгууллага олгох талаар илүү тодорхой болгох нь зүйтэй байна.
Найм. Тохирлын үнэлгээний итгэмжлэлд хамрагдах ач холбогдлыг сулруулсан, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж, тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд салбарын сайд оролцохоор зохицуулсан нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлсөн байна.
Зөвлөмж:
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг сайжруулах хүрээнд доорх өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй байна. Үүнд:
- Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартуудад салбарын сайдын оролцоотойгоор тогтмол хугацаанд шинжилгээ хийх;
- Стандартын тухай тодорхойлолтыг сайжруулж, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолоор эш татсан стандартыг улсын хэмжээнд заавал дагаж мөрдөх, түүнээс бусад стандартыг иргэн, аж ахуйн нэгж сонгон хэрэглэх;
- Тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талуудад тавигдах шаардлагыг тодорхой болгох, эрх үүргийг нарийвчлан тусгах;
- Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн байгууллагын статус, эрх хэмжээг тодорхой болгох;
- Төрийн захиргааны байгууллагаас гүйцэтгэх ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, иргэний төлөөлөл бүхий зөвлөлөөс тогтоох;
- Стандартчилал, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд мэдээллийн санд байршлуулах мэдээллийг тодорхой болгох;
- Төрийн хяналт шалгалтаар заавал дагаж мөрдөх шаардлагатай стандартын тохирлын баталгааг хууль, тогтоомжийн дагуу гаргуулсан эсэхэд хяналт тавих зэрэг өөрчлөлтүүдийг тусгах.