ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019

1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн ирсэн уламжлалтай бөгөөд энэ арга хэмжээ жилээс жилд улам өргөжин тэлж, чанарын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, чанарын мэдлэгийг олгох томоохон арга хэмжээ болж нэгэнт тогтжээ.

Энэхүү өдөрт зориулсан арга хэмжээг манай улс 17 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг “Чанар-Амжилтын түлхүүр” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2019 оны 11-р сарын 14-нд Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Үндэсний чанарын чуулган”-ыг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран МҮХАҮТанхимд амжилттай зохион байгууллаа.

Чанарын өдрийн нэг чухал арга хэмжээ бол “Үндэсний чанарын шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ байдаг. Хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 5 дахь жилдээ олголоо. Энэ жилийн хувьд “Үндэсний чанарын шагнал” Монгол Улсын Засгийн Газрын шагнал болсноороо шагналын ач холбогдол, цар хүрээ улам бүр нэмэгдсэн билээ. Ингээд шагналын эздээр:

  • “Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг “Эко ноос ХХК”-ийн “Хонины ноосон барилгын дулааны тусгаарлагч материал”

  • “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” шагналыг “М Си Эс Интернейшнл”

  • “Шилдэг үйлчилгээ” шагналыг  Арьсны өвчин судлалын үндэсний төвийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээ”

  • тус тус шалгарч “Үндэсний чанарын шагнал”-ыг гардан авсан

    юм.

Жил бүрийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцдог бөгөөд энэ жил “Чанар-Амжилтын түлхүүр” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг болж, дараах сэдвээр илтгэл мэдээллүүд тавигдсан юм. Тухайлбал:

  • Бизнесийг тохирлын үнэлгээний бодлогоор дэмжих нь /СХЗГ-ын дарга Б.Билгүүн/

  • Үндэсний үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх нь /Монгол базальт ХХК-ийн ерөнхий захирал /

  • ISO 9001 ба хиймэл оюун ухаанд суурилсан цахим засаглал /Орхон аймгийн НДХ-ийн дарга Б.Анар/

  • Дэлхийн түвшинд өрсөлдөхүйц дээд боловсролын чанарын асуудал, Монгол Улсын их сургуулийн оролцоо /МУИС-ийн ЗХНГ-ын дарга Г.Мөнхбаяр/

  • Дижитал эрин- мэдээллийн аюулгүй байдал /Грейпсити Монгол ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Тамир/

  • Эх орондоо олон улсын стандартын шаардалага хангасан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь /Хими технологийн хүрээлэнгийн БНХЛабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Жавзмаа/

Чанарын болон байгаль орчны удирдлагын тогтолцоо, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааны зэрэг олон улсын менежментийн стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн тоо жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Стандарт, хэмжил зүйн газраас 150 орчим  аж ахуй нэгж байгууллагад менежментийн тогтолцоо нэвтрүүлснийг баталгаажуулж, гэрчилгээ
олгоод байна.

Leave a Reply

Close Menu