Байгууллагын товч танилцуулга

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь анх 1923 онд Жин хэмжүүрийн товчоо нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитийн газар, Тамгын газар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Итгэмжлэлийн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар,  Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын алба, Стандартын мэдээлэл лавлагаа сургалтын үндэсний төв гэсэн үндсэн 9 нэгж, 1 алба мөн орон нутгийн 20 аймагт салбар хэлтэстэй, нийт 420 гаруй ажилтан, албан хаагчид бүхий Засгийн Газрын тохируулагч агентлаг болтлоо хөгжлийн олон үеийг туулж ирсэн 90 гаруй жилийн түүхтэй байгууллага юм.

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг: 
• Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах , үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулатын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх;

• Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжиж, Монгол улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхийг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх;

• Олон улсын шаардлагад нийцсэн тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

• Бүтээгдэхүүн үйлчилгээний болон удирдлагын тогтолцоо (ISO 9001, ISO 14000 HACCP)-ны баталгаажуулалтын үйл ажиллагаагаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцлийг бүрдүүлэх;

• Сорьцын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах

Байгууллагын эрхэм зорилго:

Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.

Байгууллагын стратегийн зорилт /хүрэх үр дүн/

Стандарт, хэмжил зүйн газар нь дараахь үр дүнд хүрэх зорилт тавьж ажиллаж байна. Үүнд:

Стратегийн зорилт 1: Төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, зохицуулалтыг хангах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрхэлсэн асуудлаараа олон улс бүс нутаг, гадаад орны хүрээнд өргөжүүлэх;

Стратегийн зорилт 2: Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах хууль тогтоомжийг боловсронгуй болгоход санал боловсруулах, бодлого, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх;

Стратегийн зорилт 3: Стандартчилал, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалтын хөтөлбөр, төсөл боловсруулах, техникийн зохицуулалтыг олон улсын жишгээр бий болгоход дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн төсөлд шүүлт хийх, эдгээр чиглэлийн дүрэм, журам, заавар, удирдамжаар хангах;

Стратегийн зорилт 4: Хэмжлийн нэгжийн олон улсын системд тулгуурласан үндэсний эталоны тогтолцоог хөгжүүлэх, нарийвчлалыг олон улсын түвшинд ойртуулах, үндэсний эталоноос нэгж дамжуулах тогтолцоог сайжруулан бэхжүүлэх;

Стратегийн зорилт 5: Итгэмжлэлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, зохицуулалтыг хангах, олон улсын итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэх;

Стратегийн зорилт 6: Сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, сорьцын лабораторийн чадавхийг дээшлүүлэх

Стратегийн зорилт 7: Олон улсын гэрээ хэлэлцээр, олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандарт, тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт болон холбогдох норматив техникийн баримт бичгээс бүрдсэн үндэсний мэдээллийн сан бүхий төрийн мэдээллийн нөөц болох албыг байгуулан хөгжүүлэх;

Стратегийн зорилт 8: Бүтээгдэхүүн үйлчилгээ, тогтолцооны баталгаажуулалтыг олон улсын жишигт хүргэж, хөгжүүлэх;

Стратегийн зорилт 9: Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын түвшинг дээшлүүлэх, баталгаажуулалтын ажлын чанарыг олон улсын түвшинд ойртуулах;

Түүхэн товчоон:

• 1923 оны 1 дүгээр сард Сангийн яаманд Хэмжил зүйн байцаагч эрхлэгч 1, хэмжүүр үасах дархан 2-ын орон тоо батлагдан ажиллаж эхэлсэн.
• 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Монгол Улсын аливаа хэмжүүрийн дүрэм” батлагдсан.
• 1924 онд Сангийн яамны харьяа “Жин хэмжүүрийн тасаг” байгуулагдсан.
• 1931 оны 1 дүгээр сард Худалдаа аж үйлдвэрийн яамны дэргэд Хэмжүүрийн асуудал эрхлэх комисс байгуулагдсан.
• 1944 оны 4 дүгээр сард “Хэмжүүр ба хэмжих хэрэгслийн тухай” хууль батлгадсан.
• 1953 оны 4 дүгээр сард Улсын төлөвлөгөөний комиссын дэргэд “Үнэ стандартын хороо” байгуулагдсан.
• 1955 оны 4 дүгээр сард Сангийн яамны харьяа “Улсын хэмжүүр ба хэмжих багаж хэрэгслийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсан.
• 1956 онд Гадаад худалдааны яамны харьяа “Улсын чанарыг байцаан шалгах газар” байгуулагдсан.
• 1958 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 13 хүний бүрэлдэхүүнтэй “Улсын стандартчиллын комисс” байгуулагдсан.
• 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Улсын стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газар” байгуулагдсан.
• 1963 оны 2 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Улсын банкны ерөнхий хороонд Үнэт металлын чанар шалгах тасаг байгуулагдсан.
• 1970 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 337 дугаар тогтоолоор “Алт үнэт чулууны цех” байгуулагдсан.
• 1972 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Чанар, стандарт, хэмжүүрийн улсын хороо” байгуулагдсан.
• 1975 оны 6 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Үнэ, стандартын улсын хороо” байгуулагдсан.
• 1976 оны 2 дугаар сард Үнэ, стандартын улсын хорооны харьяа “Улсын чанар хэмжүүрийн хяналтын төв” байгуулагдсан.
• 1983 онд Сайд нарын зөвлөлийн 101 дүгээр тогтоолоор Сангийн яаманд “Улсын сорьц хяналтын хэлтэс”-ийг үнэт металлын чанар шалгах хэлтэстэйгээр байгуулсан.
• 1988 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэд “Улсын стандартын газар” байгуулагдсан.
• 1990 оны 10 дугаар сард “Үндэсний стандартчиллын эрдэм шинжилгээний хүрээлэн” байгуулагдсан.
• 1992 оны 5 дугаар сард Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 83-р тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” байгуулагдсан.
• 1994 оны 12 дугаар сард “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль” батлагдсан.
• 1996 онд Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоолоор Сорьцын улсын хяналтын албыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон.
• 1999 оны 7 дугаар сард Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн харьяа Итгэмжлэлийн алба байгуулагдсан.
• 2003 оны 5 дугаар сард “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль батлагдсан.
• 2008 оны 8 дугаар сард Засгийн газрын 64 дүгээр тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв” нь “Стандартчилал, хэмжил зүйн газар” болсон.
• 2008 онд Улсын Их Хурлын 43 дугаар тогтоолоор Сорьцын улсын хяналтын албыг Стандартчилал, хэмжил зүйн газарт шилжүүлсэн. 
• 2016 оны Монгол улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор “Стандартчилал, хэмжил зүйн газар” нь “Стандарт, хэмжил зүйн газар” болсон