СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН
ТҮҮХЧИЛСЭН ЛАВЛАХ
Манай байгууллага нь 1972 онд орон тооны бус чанарын комисс нэртэйгээр анх байгуулагдсанаар тус хэлтсийн суурь тавигдсан.
Анх байгуулагдах үедээ хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн 2 орон тоотойгоор аймгийн хэмжээнд үнэ, стандарт, технологийн горимын мөрдөлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих, бүтээгдэхүүний ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрийн зр ашгийг дээшлүүлэх, төр, захиргааны тогтоол шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байсан. 1980 онд 14 сум, САА, Тэжээлийн аж ахуйнууд, үйлдвэр аж ахуйн газруудад чанар шалгагч, орон тооны чанарын хянан байцаах албад ажиллаж байв.
1986 онд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 70 дугаар захирамжаар Үнэ, чанарын хэлтсийн харьяанд хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лаборатори инженер сорилтын лаборант, сахиул-үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор байгуулагдан ажилласан. СнЗ-ийн 1998 оны 88 дугаар тогтоолоор тус хэлтсийн хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лабораторитой нэгтгэн аймгийн Стандарт, чанарын хэлтэс болгон зохион байгуулсан. Энэ тогтоолоор тус хэлтэс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Улсын стандартын газарт давхар харьяалагдах болсон. Тус хэлтэс нь дарга, мэргэжилтэн, ахлах инженер, сорилтын инженер, лаборант, сахиул-үйлчлэгч гэсэн 6 орон тоотойгоор ажиллаж байсан. Өөрчлөлт шинэчлэлтийн дагуу стандарт, чанарын холбогдолтой үзлэг шалгалтыг бие даан гүйцэтгэх болсноор 1989 онд 13 сум, САА-н цөцгийн тос, ямааны ноолуур, тэмээ, хонины ноос, арьс шир, өлөн гэдэс, тарваганы арьс зэрэг МАА-н бүтээгдэхүүнд улсын аттестатчиллыг орон нутагтаа явуулж дүнг нь Улсын стандартын газрын коллегийн хуралд оруулж шийдвэрлүүлж байсан.
Энэ аттестатчиллаар тэмээний ноос, ямааны ноолуур чанарын нэгдүгээр ангид орж, (тэр үеийн ханшаар) жил тутам 100 гаруй мянган төгрөгийн нэмэгдэл ашгийг аймаг авдаг байлаа. Мөн 9 аж үйлдвэрийн 105 нэрийн 16.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг аттестатчилахад нэгдүгээр ангид 10 нэрийн 1309.5 сая төгрөгийн бүтээгдэхүүн чанарын дээд ангид орж байв.
1990 онд тус хэлтсийн дээд байгууллага нь БНМАУ-ын Үндэсний хөгжлийн газар болж, тус газрын 1990 оны 11 дүгээр сарын 44 дүгээр тушаалаар аймгийн Стандарт, чанарын хяналтын хэлтсийг Техникийн дэвшил, стандартчиллын хэлтэс болгон өөрчилж, хэлтсийн мэдэлд хэмжил зүйн шалгагч, засварчин гэсэн 2 орон тоо нэмж ажиллуулж байсан.
Анх хэмжил зүйд механик хэмжлийн нэг лабораторитой байсан бол 1991-1995 онуудад хий шингэний, цахилгааны, даралтын зэрэг 4 лабораторитой болсон. 2009 оны 1-р сарын 14-с эхлэн Засгийн газрын 67-р тогтоолоор Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс болон өөрчлөгдсөн. Одоо жилдээ цахилгаан хэмжих хэрэгслүүр, хий шингэний хэмжих хэрэгсэл, цахилгаан тоолуур, усны тоолуур, цусны даралтын аппарат зэрэг 3000-5000 орчим хэмжих хэрэгслийг баталгаажуулж байна.
Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ Баталгаажуулалтын чиглэлээр орон нутагт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүн, зоогийн газар, дэлгүүр, зочид буудал, жуулчны бааз, үсчин, халуун ус, саун, гоо сайхны газар, экспортод гарч байгаа цайрын баяжмал, нүүрс зэрэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд баталгаажуулалт хийж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж 2023 оны 1-р сараас тус байгууллагын Сорилтын лаборатори болон Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч тус хэлтэст харьяалагдан чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Сорилтын лаборатори нь 1986 онд Хүнс, ХАА-н бүтээгдэхүүний экспертиз лаборатори нэртэйгээр байгуулагдан, ХАА-н бүтээгдэхүүнд чанарын анги, зэрэг тогтоох чиглэлээр сорилт шинжилгээ гүйцэтгэж байсан бөгөөд 1992 онд Таримал ургамлын үрийн хорио цээрийн лаборатори, 1995 онд Аймгийн Эрүүл Мэндийн Газрын Хүнсний химийн лаборатори, 2000 онд Хүнсний нян судлалын лабораториуд тус тус нэгдэж 2004 оноос Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэргэд Нэгдсэн лаборатори, 2023 оноос Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорилтын Нэгдсэн лаборатори нэртэйгээр 37 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус лаборатори нь хими, хор судлал, нян судлал, таримал ургамлын үр хорио цээр гэсэн 3 үндсэн лабораторитай. Нэгдсэн лаборатори нь 81 нэр төрлийн бүтээгдэхүүнд 419 үзүүлэлтээр сорилт шинжилгээний ажил гүйцэтгэхээр 2018 онд 5 дахь удаагаа 4 жилийн хугацаатайгаар итгэмжлэгдэн ажиллаж байна. Эрхлэгч, хими хор судлалын шинжээч 2, нян судлалын шинжээч 2, нийт 5 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Тус лаборатори нь 37 нэр төрлийн хэмжүүр хэмжих хэрэгсэл, 52 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж, 86 нэр төрлийн бодис урвалж, тэжээлт орчны нөөцтэй, орон нутагт төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор зөөврөөр ажиллах 2 лабораторитойгоор үйл ажиллагааг явуулж байна.
Хэмжил зүйн хяналтын чиглэлээр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг таслан зогсоох, хяналт шалгалтыг хийх ажлыг зохион байгуулж байна.