ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР 2018  “Чанар итгэлийг бий болгоно”

ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР 2018 “Чанар итгэлийг бий болгоно”

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм.

Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ 2018 онд “Чанар итгэлийг бий болгоно” уриан дор тэмдэглэхээр болсон. Дэлхийн олон улс оронд эдийн засгийн тэргүүлэх асуудлын нэг нь чанар байдаг.  Чанар нь аж ахуйн нэгжийг амжилтад хүргэх түлхүүр юм. Энэ ойлголт нь хүний хүрээлэн буй орчин болон бие махбод, сэтгэл санааны сайн сайхан байдлыг багтаадаг амьдралын чанартай нягт холбоотой билээ. Энэ асуудалд анхаарлаа хандуулахын тулд олон улсын чанарын өдрийг бий болгосон аж. Чанарын өдрийн гол зорилгын нэг бол бараа, үйлчилгээний чанарын түвшинтэй холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд хувь нэмрээ оруулах, үйл ажиллагааг өрнүүлэх, дэмжих явдал юм.

Жил бүрийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцдог бөгөөд холбогдох сэдвээр илтгэл мэдээлэл болон хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн.
Мөн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 4 дэх жилдээ олгох гэж байна. Чанарын шагнал хүртсэн аж, ахуй нэгж байгууллагууд журмын дагуу үндэсний чанарыг шагналыг илэрхийлэх таних тэмдгийг холбогдох хууль тогтоомжийн шаардлагын хүрээнд зар сурталчилгаа, хэвлэмэл хуудас, бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодолд загвар хэмжээсийн дагуу томруулах буюу багасгаж хэрэглэх боломжтой. Энэхүү таних тэмдэг нь тухайн байгууллагыг чанартай, аюулгүй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж буйг илэрхийлж байгаа юм.

Leave a Reply