ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА С.ГАНЦЭЦЭГ: ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ИТГЭМЖЛЭЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗРЫН ДАРГА С.ГАНЦЭЦЭГ: ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭНИЙ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ИТГЭМЖЛЭЛ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

  • Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. 2019 оны Дэлхийн Итгэмжлэлийн өдрийн уриа болоод ач холбогдлын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

Өдрийн мэнд хүргэе. Тэгэлгүй яахав. Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас хамтран санаачилсны дагуу жил бүрийн 6 дугаар сарын 9-ний “Дэлхийн итгэмжлэлийн өдөр”-ийг 11 дэх жилдээ тэмдэглэх болно. IAF-ILAC-аас жил бүр тодорхой нэг сэдвийг дэвшүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн тухайд “Хангамжийн сүлжээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд итгэмжлэлийн үүрэг” уриаг дэвшүүлжээ. Үүний зорилго нь хангамжийн сүлжээг дэмжин, тогтвортой хөгжлийг хангахад чанарын дэд бүтцийн арга хэрэгслүүд болох стандарт, хэмжилзүй, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар Засгийн газар, зохицуулагчид, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн анхаарлыг хандуулж, эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэх итгэлийг бий болгох үүрэг хариуцлагыг нь тодотгох ач холбогдолтой гэж ойлгож байна.

  • Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллага энэ өдрийг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

Хангамжийн сүлжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх гэдэг нь онцлогтой, өргөн хүрээг хамарсан сэдэв. Улс орон болгонд өөрийн гэсэн онцлох бүтээгдэхүүн байдаг. Иймд бид мах, зөгийн бал, ноос,  ноолуур зэрэг үндэсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, худалдааг дэмжих зорилгоор нийлүүлэлтэд нь оролцогч бүх талуудыг хамарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, тухайн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэх, зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлдэг лаборатори, хяналтын ба баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагаа, итгэмжлэлийн үүрэг, ач холбогдлыг таниулахыг зорьж байна. Мөн тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн үйл ажиллагааны олон улсын туршлага, өөрсдийн хийж буй ажлын талаар илүү их мэдээллийг нийгэмд хүргэхээр ажиллаж байна.

  • Хүнсний бүтээгдэхүүний хангамжийн сүлжээнд тулгамдаж буй асуудал юу вэ? Хэрхэн шийдвэрлэх вэ?

Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгдэж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой.

Хүнсний бүтээгдэхүүн дэх үлдэгдэл бодисыг хянах, сэргийлэх асуудал олон улсын хүнсний худалдаанд хурцаар тавигдаж байна. Хэрэглэгчдийн хүнсний бүтээгдэхүүнд тавих шаардлага өндөрсхийн хэрээр  мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа өчүүхэн төдий үлдэгдлийг ч илрүүлэх мэдрэмж өндөртэй, нарийвчлал сайтай лабораторийн аргууд шаардлагатай болж байна.

Гэтэл өнөөдөр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд сорилт гүйцэтгэдэг итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал харилцан адилгүй байгаа нь харагддаг. Тухайлбал Евразийн эдийн засгийн комиссын Гаалийн холбооноос баталсан Мах, махан бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн техникийн зохицуулалтын баримт бичигт заасан нян судлал, хүнд металлын бохирдол, малын эмийн үлдэгдэл, пестицид, инсектицидын үлдэгдэл, цацрагийн үзүүлэлтийг шинжлэх үндэсний лабораториудын чадавхийг 2017 онд судлан тогтоосон байдаг. Судалгаагаар Евразийн эдийн засгийн комиссын Гаалийн холбооноос баталсан “Мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдал” техникийн зохицуулалтын баримт бичигт заагдсан арга, аргачлалын дагуу сорилт хийхэд лабораториудад стандартчилсан загвар, урвалж бодис,  тоног төхөөрөмж, ажилтны мэргэшил зэрэг шаардлагатай нөөц дутагдалтайгаас тогтоосон үзүүлэлтийн 50 орчим хувийг шинжлэх чадавхитай байлаа.

Хоёрдугаарт, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгааг баталдаг сорилт, баталгаажуулалт, хяналт зэрэг үйл ажиллагааг багтаасан тохирлын үнэлгээг цогцоор нь хөгжүүлэх шаардлага байна. Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газар болон түүний орон нутгийн салбар хэлтсүүдээс бусад хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын байгууллага байхгүй. Гэтэл мах, махан бүтээгдэхүүний гарал үүслийг тогтоох, малын эм, бэлдмэл, пестицид, хүнд металлын үлдэгдлийн хяналт, мониторингийн баталгаажуулалт, мал аж ахуй, тариалангийн аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлснийг баталгаажуулах, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт зэрэг төрөлжсөн, мэргэшсэн байгууллагууд үүсч бий болох, ажиллах бололцоотой гэж үздэг.

  • Та хүнсний лабораторийн талаар хөндлөө. Монгол Улсад ийм төрлийн сорилт гүйцэтгэдэг итгэмжлэгдсэн лабораториуд хэд байдаг, чадавхийн хувьд хир байна. Олон улсын жишигт нийцэж байна уу?

2019 оны 1-р улиралд гаргасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд сорилт гүйцэтгэдэг итгэмжлэгдсэн лабораториудын талаархи тайлан мэдээллээр Монгол Улсад итгэмжлэгдсэн 95 лаборатори ажиллаж байна. Үүнээс:

  • Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, нийслэл болон орон нутгийн сүлжээ лабораториуд, мал эмнэлгийн   хүрээлэн-22 (төрийн өмчит);
  • МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, нийслэл, дүүрэг, орон нутаг,  хилийн мэргэжлийн хяналтын сүлжээ лаборатори газар-27 (төрийн өмчит);
  • Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын лаборатори-4 /төрийн 2, хувийн 2/;
  •  Хүнсний үйлдвэрийн дэргэдэх дотоод хяналтын лаборатори-26 /хувийн 25, төрийн 1/;
  • Хүнсний захын дэргэдэх 4 лаборатори /хувийн өмчит/;
  • Гаалийн чиглэлийн лаборатори-1/төрийн өмчит/ байна.

Лабораториудын ямар бүтээгдэхүүнд ямар үзүүлэлт, арга аргачлалаар сорилт явуулах чадавхитай болохыг нь итгэмжлэлийн байгууллагаас үнэлж тогтоохдоо тухайн лабораторийн хүний нөөц, мэргэшсэн байдал, тоног төхөөрөмж, урвалж, стандартчилсан загвар, арга, аргачлалын хангамж зэрэг техник ур чадвартай нь уялдуулан итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтыг ялгавартайгаар олгодог. Иймээс лабораторийн үйлчилгээг хэрэглэгчид  өөрсдийн хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчлүүлэх байгууллагаа сонгохдоо итгэмжлэлийн хамрах хүрээг нь анхаарч үзэхийг зөвлөж байна.

  • Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний  байгууллагуудын үр дүнг хэдэн улс орон хүлээн зөвшөөрч байгаа вэ?

Үндэсний итгэмжлэлийн байгууллага нь Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай болон бусад хууль, Засгийн газраас батлан гаргасан “Чанарын хөтөлбөр”, “Эрүүл монгол хүн, эрүүл хүнс” гэх мэтчилэн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийг хэрэгжүүлж байна. Итгэмжлэлийн үр дүнг Олон улсад хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх ажиллагаа маань 2012 онд APLAC буюу Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын хэлэлцээрт сорилт, хэмжлийн лабораторийн, 2016 оноос хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр эхэлсэн. Цаашид 2017 онд PAC буюу Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын хэлэлцээрт бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ны итгэмжлэлийн төрлөөр нэгдээд байна. Үүгээр уламжлан ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын 100 гаруй, IAF (Олон улсын итгэмжлэлийн форум)-ын 70-аад гишүүн орнуудад үндэсний итгэмжлэгдсэн байгууллагын үр дүнг  хүлээн зөвшөөрөх болжээ.

  • Монгол улс мал, аж ахуйн орон. Тэгэхээр малын гаралтай түүхий эд бүр тодруулбал махны экспортыг нэмэгдүүлэхэд итгэмжлэлийн байгууллага ямар үүрэг оролцоотой оролцох вэ?

Энэ жилийн Дэлхийн итгэмжлэлийн өдрийн арга хэмжээний хүрээнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үүний дотор мах, зөгийн балыг экспортлоход бид давуу тал, тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж хэлэлцэх, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн анхаарлыг ямар асуудалд хандуулж, дэмжлэг, оролцоог нь хангахаа ярилцана. Энэ хүрээнд  тодорхой зарим лабораторийг  чадавхижуулах, Стандартчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд зааснаар чиглэлийн яамдаас тохирлын үнэлгээний байгууллагыг томилох боломж зэрэг асуудал чухлаар тавигдана. Бид бүтээгдэхүүнээ экспортод гаргана гэж ярьдаг ч угтаа импортлогч орны шаардлагыг судлан, нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, мөн  тохирлыг батлах лаборатори, баталгаажуулалт, хяналтын байгууллагаа чадавхижуулах ёстой. Тэгэхээр чанарын дэд бүтцийг бүрдүүлэгч бүх талын үйл ажиллагааг бэхжүүлэх нь бидний хувьд чухал асуудал байсаар байх болно.

Leave a Reply