АЛДАЖ ОНОСОН ОН ЖИЛҮҮД
Балжиннямын Жадамбаа хулгана жилтэй. Эрдэнэбулган суманд төрсөн. МУИС, Намын Дээд сургууль дүүргэсэн нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй.
Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Үнэ, чанарын хэлтсийн даргаар 1983- 1984 он хүртэл ажиллаад аймгийн Намын хорооны товчооны хурлын шийдвэрээр Бүрэнтогтох сум нэгдлийн даргаар томилогдсон юм. Үнэ, чанарын хэлтэст намайг ажиллаж байх үед орон тооны хоёр хүнтэй, орон тооны бус 11 хүнтэй зөвлөл ажиллаж аливаа ажил, асуудлыг зөвлөлөөрөө хэлэлцэн шийдвэрлэж байлаа.
Энэ хугацаанд харьяа дээд байгууллага болох Үнэ, чанар, стандартын улсын хороо ажиллаж, түүнийг Монгол улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тодорхойлж байлаа. Тэр үед тус хороон дээр ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч сууж ЗХУ-д гаргадаг манай орны барааны бүх үнийг зохиож, хянаж зөвлөдөг байсан юм. Бямбасүрэн сайд нэг удаа гадаадад гаргадаг хивснийхээ үнийг нэмэх гэтэл зөвлөлтийн мэргэжилтэн «болохгүй» гэж маргаан үүсгэсэн учир мэргэжилтний алтан хошуу дээд газар хүрсэн юм байлгүй Бямбасүрэн сайд маань халагдаж оронд нь Э.Бямбажав гуай сайдаар томилогдож билээ. Дашрамд хэлэхэд Бямбасүрэн сайд хар захаар байнга явж өөрийн орны бүтээгдэхүүний үнэ ханшийг үзэж, хэн ямар үнээр авч байна гэдгийг сонирхон судалж байсныг тэр үеийн аппаратад нь ажиллаж байсан хүмүүс сайн мэднэ.
Манай аймгийн үнэ, чанарын хэлтэс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсээс анх салж бие даан ажиллахад маргэжилтнээр нь ажиллаж эхэлсэн. Ч.Банди ажилдаа үнэхээр үнэнч, шударга зарчимч шаардлагатай нэгэн байлаа. Намайг хэлтсийн дарга гэдэг өндөр алба хашихад ихээхэн тус дэм болж байсны тэмдэглэхэд таатай байна. Энэ ч чанараараа тухайн үед олны дунд “Банди дарга” гэж хүндлэгддэг байлаа.
Манай хэлтэс үнэ, чанар, стандарт гэсэн 3 асуудлыг аймгийн хэмжээнд эрхэлж үнийн асуудлыг би өөрөө, чанарын асуудлыг Банди маань голчлон хариуцаж, стандартыг зөвлөгөөнөөрөө хэлэлцэн шийдвэрлэдэг байсан юм. Хил худалдаагаар орж ирсэн бүх зүйл, орон нутагт шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд бид үнэ зохиодог байлаа. Хил залгаа Буриад улсаас орж ирсэн бараанаас зарим дарга нарын авах бүтээгдэхүүнд өндөр үнэ зохиож үүнээсээ болоод зэмлүүлж ч явлаа.
Аймгийн хэмжээнд чанарын асуудал, сайн байж ард олноо чанартай бүтээгдэхүүнээр хангахад манай аймгийн ХАА-н байгууллага, үйлдвэр, аж ахуйн газрын чанар хариуцсан хүмүүс ихээхэн тус дэм болж байсныг дурдах хэрэгтэй. Тухайлбал, Бүрэнтогтох сумын «Дэлгэрмөрөн» нэгдлийн чанарын албаны дарга С.Занаа, чанарын инженер Б.Гармаа, хүнсний үйлдвэрийн чанарын инженер н.Тунгалаг, мод боловсруулах үйлдвэрийн технологич Гэрэлчулуун зэрэг хүмүүсийг нэрлэж болох юм. Тэр үед аймгийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар удирдуулсан аймгийн Чанарын орон тооны бус зөвлөл ажиллаж миний бие нарийн бичгийн даргаар нь алба хашдаг байлаа. ХАА-н НЭГДЭЛ, сангийн аж ахуй, 52 үйлдвэр, аж ахуйн газрын удирдлага, чанар харнуцсан хумууст зориулж том, жижиг хэмжээний гарын авлага, материалыг хэвлүүлж ухуулга сурталчилгаанд зориулан хүргүүлдэг байсан юм. Гэвч улсаас өгсөн төлөвлөгөөг биелүүлнэ гэдгээр 7 бүх шатны дарга нар тооны хойноос хөөцөлдөөд чанарыг төдийлөн анхаардаггүй байсан нь чанарын асуудал хариуцсан манай хүмүүст нэлээд бэрхшээлтэй байсныг нуух юун. Өнөөдөр Стандартчилал, хэмжил зүйн байгууллага үүсч хөгжөөд 100 жилийн ойтойгоо золголооч энэ хугацаанд манай улс орны олон нарийн бүтээгдэхүүн дэлхийн стандартын жишигт хүрсэн явдалд ахмад ажилтны хувьд баяртай байна.
Алдаж оносон он жилүүд маань стандартчилал, хэмжил зүйн байгууллагын үе үеийн ажилтнуудад их ухаарал хайрласан гэдэгт миний хувьд эргэлздэггүй.