ХЯНАЖ БАТЛАХГҮЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ, ОРОЛЦОХГҮЙ АЖИЛ ГЭЖ БАЙХГҮЙ ЦАГ ҮЕ
Олдох миний бие 1991 онд туршлагатай дарга Д.Гармаагаас Чанар стандартын удирдлага зохион бүтээх товчоо гэсэн байгууллагын даргын ажлыг хүлээн авч маш сайхан хамт олны дунд ажиллаж байснаараа бахархаж явдаг. Улс орон зах зээлийн системд шилжиж хуучин мөрдөгдөж байсан бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын удирдлага стандартууд хууль дүрэм мөрдөгдөхгүй завсрын учраа олохгүй үе байсан. Харин ч Монгол Улсын Засгийн газраас хамгийн түрүүнд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын стандартын хууль шинэчилсэн журмыг 1991 оны 11 дүгээр сард байгуулан гаргасан нь бидний цаашид баримтлах ажлын зүг чигтэй болж байлаа.
Бид шинэ хууль журмыг сурталчилах зах зээлд аймгаас гарч байгаа цөөхөн бүтээгдэхүүндээ чанар стандартын шинэ дүрэм журмыг нийцүүлэн хэрэглэх ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материалын олдоц муу баталгаагүй байснаас манай байцаагч нар байнга л аж ахуйн нэгж үйлчилгээний цэгүүдэд тулж ажиллаж дээж авч оройдоо лабораторидоо сууж шинжилгээ дүгнэлтээ өдөрт нь багтааж гаргадаг маш их илүү цагаар ажилладаг тун хэцүү үе байсандаа.
Хянаж батлахгүй бараа үйчилгээ оролцохгүй ажил гэж ер нь байхгүй ард түмнийг хордуулчихгүйн төлөө үнэхээр анхаардаг байсан цаг үе. Манай хэлтэс нь төвлөрсөн төлөвлөгөөт үеийн чанарын удирдлага ШБОС-Зохион бүтээх товчооны бүтцийг хадгалж байгуулагдсан байсан бөгөөд Даргад нь С.Лхагважав, Л.Пүрэвжав, Д.Гармаа, мэргэжилтнээр нь Ч.Баньд, Б.Чантуу, Г.Даваадорж нар ажиллаж байсны дээр дотроо лабораторид инженер Н.Энхтуяа, Наранцэцэг, Дэжидмаа, лаборант Д.Тунгалагбуянт, зохион бүтээх товчооны инженер Бямбацогт, Б.Батбаяр, Ванэрил нарын 10 гаруй залуучууд, оёдлын тасаг инженер технологич Д.Отгондулам, Д.Наранчимэг, Ц.Лхагваням, арьс элдэх арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цех, цулын болон эрчим хүчний тоолуурын баталгаат жин хэмжүүрийн тасаг С.Баяр, Т.Долгор, П.Мөнхцэцэг, Хүрэлбаатар нар ахлан ажилладаг байсан. 1991 оны 12 сараас Стандарт баталгаажуулалт хэмжил зүйн төв гэсэн шинэ бүтэц зохион байгуулалтад орж Захиргаа лаборатори аймгийн Захиргааны байранд шилжиж ирж төсвөөс цалинжиж бусад цех тасгууд нь аж ахуйн тооцоон дээр хосолмол санхүүжилтээр ажлаа явуулж байсан. Надад ажлаа өгөхдөө Д.Гармаа дарга маань конторын шинэ барилгыг дутуу гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн ба ямар ч байсан ашиглалтад оруулаарай гэж хатуу захисан учир тэр үеийн барилгын ганц компани “Бамбар” компанитай тухайлбал инженер Шүрэнцэцэгтэй аль болох бага зардлаар яаж барилгаа гүйцээх вэ гэж толгойн өвчин болдог байсандаа. Дансанд байгаа хэдэн төгрөгөө, складанд байгаа зарим бараа материалаа ариг гамтай зарцуулахад ихээхэн анхаарч аж ахуйн Чулуун ахыгаа дагуулаад материал техникийн хангамжийн газар хуучин их барилгын хувьчлагдсан компаниудын удирдлагуудаас зарим тусламж дэмжлэг авч эцэст нь аймгийн намын хороо /дарга Л.Лувсандаш/ даргатай хамтарч эзэмшихээр гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийж ямар ч байсан барилгаа ашиглалтад хүлээн авч байсан дурсамжтай мөч байдаг. Хэдийгээр зах зээлийн эхэн хүнд үед бараа материал бүх юм ховор хэцүү цаг байсан ч манай хамт олон ихээхэн санаачилга зүтгэл гарган ажлаа гүйцэлдүүлж байсны дээр нөөц бололцоо маш сайн ашигладаг мэргэжилдээ эзэн болсон их эвсэг сайхан хамт олон байсан. Ингээд туршлага мэдлэгтэй Давааням даргадаа ажлаа хүлээлгэн өгч өөр ажилд шилжсэн түүхтэй.
Манай хэлтсийн цэг салбаруудын удирдлагууд тус тусдаа ажил үйлс дурсамжаа бичсэн нь таатай байна. Ингээд Стандарт хэмжил зүйн байгууллагын 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан ахмад залуу үеийн нийт ажилтнууддаа баярын мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, сайн сайхны хүсье.