АЛТАН МӨРТЭЙ ОН ЖИЛҮҮД
Байгууллагын түүхэн замналын тухай Монгол Улсад стандартын байгууллага үүсэн байгууллагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ном, хэвлэл гаргах тухай санаачилга гарган миний биеийг оролцох урилга олгосонд Д.Батцоож даргатай хамт олондоо талархал илэрхийлж, ойн мэндчилгээг дамжуулж буйг хүлээн авна уу.
Аливаа удирдлага түүхэн замналруу өнгийн харж буй нь ажил, хамт олноо танин мэдэх, сурвалж, суурийг нь сайн ойлгосноос олсон ололт амжилтыг сайшаан дэмжиж, гаргасан алдаа дутагдлыг нь олж харан, засан сайжруулах үндэс сууриа тавьж буй нэг судалгааны ажил гэж ойлгож байна.
Миний бие анх энэ байгууллагын хаалгаар Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх Захирлын харьяа Хэмжил зүйн сорилт туршилтын төвийн захирал Ч.Даваанямын 1993 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 35 тоот тушаалаар хий, шингэний эзэлхүүн зарцуулалт, дулаан, даралтын хэмжүүр, хэмжих хэрэгслийн улсын шалгагч, байцаагчийн албан тушаалтайгаар ажиллаж байлаа. Хоёр жил энэ ажлыг гүйцэтгэж хамт олонтойгоо ажиллаж байтал Ч.Давааням дарга маань Улаанбаатар хотод дэвшин ажиллахаар болж орны даргын асуудал яригдсан юм. Тэр үед хуулиараа Хэлтсийн даргыг аймгийн Засаг дарга томилдог байсан тул тухайн үеийн дарга Лувсандаш дээр Давааням дарга миний нэрийг /хамт олны хурлаар намайг даргаар тавих санал гарсан/ дэвшүүлэхэд нам бус хүн тул хүлээн авах боломжгүй гээд сар гаран хугацаанд бид даргагүй, дарга маань хот шилжээд явчихсан байж билээ.
Улаанбаатар хотоос Ч.Давааням даргын ажлыг хүлээлцэх орон нутгийн ажилтай танилцуулахаар тэр үеийн СХЗГ-ын дарга Бавуусүрэн дарга ирж Лувсандаш даргатай уулзаж ажил байдлыг танилцуулснаар даргын асуудлыг шийдвэрлэж аймгийн Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 тоот тушаалаар миний бие хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдон 24 жил тасралтгүй энэ ажлыг гүйцэтгэж аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 145 дугаар тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарснаар чөлөөлөгдөж байлаа.
Намайг ажил авах үед манай хэлтэс хэмжүүр баталгаажуулалтын эзлэхүүн, даралт, масс, цахилгааны гэсэн 4 төрөлтэй, сорилтын лаборатор нь бүтээгдэхүүний чанарт сорилт туршилтыг хийдэг лабораторын эрхлэгчээр Н.Дэжидмаа, лаборант, шил угаагчаар Тунгалагбуянт нар ажилладаг. Цулын хэмжүүрийн улсын шалгагч байцаагчаар Ц.Баяр, Түвшинжаргал, цахилгааны хэмжүүрийн улсын шалгагч байцаагчаар П.Мөнхцэцэг, Нягтлан бодогчоор Мөнхөө, нярав, бичиг хэргээр Д.Нарангэрэл, жолоочоор Банди нар ажиллаж байлаа.
Мөн тэр үед стандартын хяналтын улсын байцаагчаар Д.Наранцэцэг, Бадамханд нар ажиллаж байв.
Анх хэлтсийн даргын ажлыг төр захиргааны өндөр мэдлэг туршлагатай Ч.Давааням даргаас авч цаашид хэрхэн ажлаа авч явах талаар тулгамдаж байснаа нуух юун.
Тэр үед аймгуудад хэмжил зүйн байгууллага үүсч хөгжиж байсан тул хүний нөөц, дэд бүтэц, эталон тоног төхөөрөмжийн хангалт тааруу, санхүүгийн чадавх сул, иргэдийн манай хэлтсийн үйл ажиллагааны талаарх ойлголт муу, хууль эрхзүйн зохицуулалт сайнгүй байсан үе байлаа.
Ийм нөхцөлд хэрхэн ажиллах вэ? гэдэг асуудал тулгарч байсны гадна нөхцөл байдлын хувьд цалингаа тавих санхүүгийн боломжгүй, унаа машины хувьд нэг эвдэрхий /явдаггүй/ ГАЗ, хуучин УАЗ-469 машинтай ажлаа эхлүүлж байв.
Ажлаа судалгаа, шинжилгээнээс эхэлж өөрийн байгууллагын нөөц боломж, аж ахуйн нэгжүүдээс тавьж буй шаардлага, хүлээлтийг дэлгэрэнгүй бүртгэл, судалгаа хийж ажилласнаар аймгийн хэмжээнд баталгаажуулалтад хамрагдвал зохих хэмжих хэрэгслүүд, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээг тодорхойлж, улмаар баталгаажуулалт, хяналтын нарийн график төлөвлөгөө боловсруулан хамт олноороо хэлэлцэж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилласнаар жилийн дотор цалингаа саадгүй тавьдаг, төлөвлөгөө давуулсан тохиолдолд урамшуулал олгож эхэлснээр ажилчдын ажилдаа хандах идэвх, санаачилга, хариуцлага, сахилга бат харьцангуй сайжирч эхэлсэн.
Ингээд цаашид ажлаа улам эрчимжүүлэх, эдийн засгийн бусад нөөцийг судалж, өөрийн иннанцийн боловсрол, туршлагад тулгуурлан байгууллагад хамгийн их зардал гардаг халаалтын асуудлыг тодорхойлж, халаалтын зардал бууруулах улмаар ашигтай ажиллах тооцоог гаргаж, төв халаалтын системээс татгалзаж, жижиг оврын халаалтын тогоог граж, скалад байсан байранд тоноглож, 3 галч шинээр ажилд авч өөрийн байрыг модоор өөрсдөө галлаж, түлэх модоо эрчүүд нь намар ууланд бэлтгэж, эмэгтэйчүүд нь хоол хүнсийг бэлтгэн тусалж, өвлийн бэлтгэлээ хангаж жилд 10 гаран машин мод сажлаж, бухал хийж, гадаа дулаанд тохируулан галлаж ашигладаг байв.
Энэхүү байдлаар 5 жил ажиллахад уурын зуухны хэмнэлтээр 20 гаран үхэр, 200 гаран хонь, ямаа, 4 сая гаран төгрөг /тухайн үеийн нэг шинэ УАЗ-469/ машины үнэ хэмнэлт гарган ажиллаж улмаар туслах аж ахуйн хөгжүүлэх суурийг тавьсан байдаг.
Туслах аж ахуйгаас 6 жил хөгжүүлж, хавар нь ямаагаа самнах, ноолуураараа мөнгө олох, хониныхоо ноосоор намар нь эсгий хийх, туслах аж ахуйд өвөлжөө, хаваржааны хашаа барих, засварлах, хадланд явах ажлуудыг хамт олноороо хийж, гүйцэтгэдэг байлаа.