"Стандарттай Монгол” аяны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрэмжит “Үндэсний чанарын шагнал”-ыг хүртсэн тэргүүний аж ахуйн нэгж, байгууллагыг олонд түгээх, сурталчлах, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Говь” ХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэрийн ажил, цаашдын зорилго зорилттой танилцлаа.
Тус арга хэмжээнд СХЗГ-ын ЗУГ-ын дарга Б.Ууганбаяр, БТБГ-ын дарга В.Ганзориг, МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар болон 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын чанарын асуудал хариуцсан ажилтнууд оролцсон юм.
Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж буй тус компани 2016 онд “Үндэсний чанарын шагнал”-ыг хүртэж байв.
Говь ХК нь хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн төгс загвар, чанарыг эрхэмлэн дэвшилтэд технологийг нэвтрүүлж, Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.
Ийнхүү Стандарт, хэмжил зүйн газраас 2024 оныг “Стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан “Үндэсний чанарын шагнал”-ыг хүртсэн тэргүүний 33 аж ахуйн нэгж, байгууллагын туршлага судлах, тэдний ололт амжилтыг түгээж сурталчлах, алдаршуулах ажлыг Говь ХК-иас эхлүүллээ.