Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэмжил зүйн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна. Энэ үеэр тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндонтой СХЗГ-ын дарга С.Батбаатар уулзаж, хоёр тал зарим асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр СХЗГ-тай гурван чиглэлээр хамтран ажиллах саналыг ирүүлсэн юм.
СХЗГ-ын дарга С.Батбаатар: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас хэмжил зүйн хяналт шалгалт хийлгэх хүсэлтийн дагуу гурван өдрийн хяналт шалгалтыг хийж байна. Тус үйлдвэр чанарын менежментийн тогтолцоог баталгаажуулж авсан байдаг. Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх, менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх, стандартын сургалтыг зохион байгуулах зэрэгт анхаарч байна” хэмээн хэллээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон: “Намайг Уул уурхайн сайд байх үед газрын тосны үйлдвэрийн стандарт хэлэлцэгдэж байсан. Тухайн үед газрын тос боловсруулах үйлдвэрийн стандарт байхгүй байсан учир үүнтэй холбоотой бусад улс орны стандартуудыг нийлүүлэхэд 1000-иад стандарт байсан. Тиймээс газрын тосны тухай шинэ хууль гаргаж ирсэн. Олон Улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг СХЗГ-аас батлахад 10 гаруй жил шаардагдах байсан учир хуульд өөрчлөлт оруулж, шинэ хууль баталж байсан. Үүнээс харахад стандарт ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тиймээс бид олон ажил дээр хамтран ажиллах шаардлагатай.
Бид үйлдвэр технологийн паркийн хүрээнд шинэ үйлдвэрүүд барих гэж байна. Хамгийн түрүүнд зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр баригдана. Үүнийг дагаад байгаль орчны стандартууд тусгагдана. Дэлхий дахинд хамгийн шилдэг, тогтвортой байдалд оруулах бүх технологийг бид хэрэглэнэ. Стандарт байснаар харьцуулах зүйлтэй болно. Эрдэнэт үйлдвэр шинжлэх ухааны уул уурхай. Баяжуулах үйлдвэр нь хими, физикийн аргаар баяжуулдаг учир хүчин чадал өндөртэй үйлдвэрүүд барихад стандарт нь бэлэн бол ажил хурдан явагдана. Иймд олон стандарт шаардлагатай болно, тиймээс зарим стандартыг тухайн улсын стандартыг ашиглаж, ашиглалтын явцад зайлшгүй тохиолдолд стандартыг нутагшуулахад санал нийлнэ. Бидний хамтын ажиллагаа маш өргөн хүрээг хамаарна. Одоо байгаа чиглэлүүдээс гадна шинэ чиглэлүүд нэмэгдэнэ. Тиймээс бүх талаараа хамтраад санал бодлоо солилцож, хамтарч, дэмжиж ажиллана. Монгол Улсын хөгжлийн тухай асуудал учраас танай таван үйл ажиллагаанд анхааран ажиллах болно. Мөн стандартыг дүйцүүлэх боломжийн асуудалд анхаарна” гэж тодотгон хэллээ.
СХЗГ-ын МТСЛСТ-ийн дарга Ч.Содном: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад байгууллагаас тохирлын гэрчилгээ болон СХЗГ-ын үйл ажиллагааг цахимжуулах шаардлагатай байгаа үүний дагуу онцгой анхаарч, E-Mongolia-д МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 6646 стандартыг оруулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. ОХУ-ын Росстандарт, Хятадын стандартын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа бөгөөд бид бүхэн “Эрдэнэт үйлдвэрт” олон улсын стандартуудыг татан авах ажлын хүрээнд ашиглах боломжоор хангахад бид бэлэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, удирдах ажилтнуудын бүрэлдэхүүнтэй уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хэсэг гаргая гэж сургалтын үеэр тохиролцсон” гэж хэллээ.
Стандарт, хэмжил зүйн газар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ISO 9001, ISO 17025, ISO 17020 стандартыг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.