1875 онд Парис хотноо Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан жил бүрийн 5 дугаар сарын 20-ныг Дэлхийн хэмжил зүйн өдөр хэмээн тэмдэглэдэг. Метрийн хэлэлцээрээр, шинжлэх ухааны ололт, инновац, үйлдвэрлэл, олон улсын худалдаа, мөн түүнчлэн амьдралын чанарыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах үндэс суурь болсон дэлхий нийтийн хэмжлийн нэгдмэл системийг бий болгосон юм.
Олон төрлийн хэмжлийн боломжуудаар дэлхийн эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг дэмжиж байдаг тул 2024 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийн уриагаар Тогтвортой байдал сэдвийг сонгосон. Тухайлбал, аж үйлдвэр, барилга болон тээврийн эрчим хүчний хэрэглээг хэмжих, хөдөө аж ахуй болон ойн нөөцийг удирдах, бохирдлын эх үүсвэрийг тогтоох, байгаль орчныг хамгаалах зорилтуудыг тодорхойлох зэрэг олон жишээ байна. Тээврийн хэрэгслийн утаа болон түлшний зарцуулалтыг зөв хэмжих нь тогтвортой тээврийн хувилбарын төлөвлөлт, зохицуулалтын нийцтэй байдалд маш чухал юм. Нарийвчлалтай хэмжлийн үр дүнгээр үйлдвэрлэлийн процесс, хог хаягдлын урсгалын үнэлгээ, менежментийг хялбарчилж, байгаль орчны хариуцлагыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.
Дэлхийн өнцөг булан бүрт Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд хэмжлийн шинэ техникийг шаардлагатай нарийвчлалын түвшинд бий болгож, хэмжил зүйн шинжлэх ухааныг хөгжүүлж байна. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд Жин хэмжүүрийн Олон улсын товчоо (BIPM)-оос зохион байгуулах харьцуулалтад оролцон хэмжлийн үр дүнгийн найдвартай, үнэн зөв байдлыг хангадаг.
Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгуулага (OIML)-аас олон салбарт тавигдах шаардлагуудыг уялдуулан нийцүүлэх зорилгоор зөвлөмжийн стандартуудыг боловсруулж байна. Мөн түүнчлэн Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгуулага (OIML)-аас хуулийн зохицуулалттай хэмжих хэрэгслийн олон улсын худалдаа болон хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хөнгөвчлөх тохирлын үнэлгээний тогтолцоог (OIML-CS) хариуцан ажиллаж байна.
Эдгээр олон улсын хэмжил зүйн тогтолцоо нь хэмжил үнэн зөв байгаад итгэлтэй байх баталгаа өгч, өнөөдрийн дэлхийн худалдааны суурь болж, маргаашийн сорилтуудад бэлтгэхэд бидэнд тусална.
Дэлхийн хэмжил зүйн өдрөөр Засгийн газар хоорондын болон үндэсний хэмжил зүйн байгууллагууд, хүрээлэнгүүдэд ажиллаж буй бүх хүмүүсийн оруулсан хувь нэмрийг үнэлж, тэмдэглэдэг.
2023 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар жил бүрийн тавдугаар сарын 20-нд тэмдэглэдэг өдрийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн нь чухал үйл явдал болсон юм. Энэ нь дэлхийн шинжлэх ухааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй болохыг онцолж, шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан илүү сайн ертөнцийг бий болгох ЮНЕСКО-гийн эрхэм зорилгод нийцэж байгаа бөгөөд хэмжил зүйг дэмжих шинэ боломжуудыг нээж өгч байна.