Жин ба хэмжүүрийн 27 дахь Ерөнхий хуралдаан (CGPM) энэ сарын 15-18-нд Франц улсад олон улсын бусад байгууллагуудын шилдэг туршлагын дагуу уулзалтыг биечлэн болон зайнаас оролцох боломжтой “Hybrid буюу хосолсон” хэлбэрээр зохион байгууллаа.
Жин ба Хэмжүүрийн Ерөнхий Зөвлөлдөх хуралдаан нь 4 жилд 1 удаа хуралддаг бөгөөд дипломат арга хэмжээ билээ. CGPM-ийн 27 дахь удаагийн энэ хуралдаанд Хэмжил зүйн олон улсын Метрийн Хэлэлцээрт нэгдсэн орсон Жин ба Хэмжүүрийн Олон улсын Товчоо байгууллагын (BIPM)-ын жинхэнэ гишүүн болон сурвалжит гишүүн 100 гаруй улс орнуудын Хэмжил зүйн төв болон бусад олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож байгаа бөгөөд СХЗГ-ын төлөөлөл энэ хуралдаанд цахимаар оролцож байна.
Тус хуралдаанаар Хими, биологийн хэмжил зүй, Фотометр ба радиометрийн зөвлөлдөх хороо, Термометрийн зөвлөлдөх хороо, Ионжуулагч цацрагийн зөвлөлдөх хороо болон бусад шинжлэх ухааны асуудлаарх Бодисын хэмжээний зөвлөлдөх хорооноос ирүүлсэн техник, шинжлэх ухааны олон асуудал, илтгэлүүдийг дөрөв хоногийн турш хэлэлцлээ.
Нэмж дурьдахад, хурлаар Дэлхийн цаг уурын байгууллага, Атомын энергийн олон улсын агентлаг, Стандартчиллын олон улсын байгууллага зэрэг оролцогч олон улсын байгууллагуудаас ирүүлсэн ажлын тайлан мэдээллийг хэлэлцэж байна.
Хуралдаанаар сансрын нислэгт цаг хугацаа, давтамжийн хэмжил зүйн үүрэг, нарийвчлалыг хянах хэмжил зүй, цаг уурын хувьсагчдыг хиймэл дагуулаас үнэн зөв
ажиглах хэмжил зүй, ирээдүйн хэмжил зүйн бэлэн байдлын нэг хэсэг болох үнэн зөв оношлогоо зэрэг олон улсын тавцан дахь амин чухал сэдвүүдийг хэлэлцэх болно.
Түүнчлэн, уг хуралдаанд оролцогчид Жин ба хэмжүүрийн олон улсын товчооны 2030 хүртэлх стратеги ”CIPM Strategy 2030” болон Жин ба хэмжүүрийн олон улсын товчооны 2024-2027 он хүртэлх “BIPM Work plan 2024-2027” физик хэмжил зүй, цаг хугацааны хэмжил зүй, химийн хэмжил зүй зэрэг хэд хэдэн чиглэлийг багтаасан төлөвлөгөөг хэлэлцсэн болно.
Хуралдаанд өргөн мэдүүлсэн шийдвэрүүдийн дотроос цаг хугацааны хэмжлийн нэгж “Секунд”-ын тодорхойлолтыг дахин шинэчлэн тогтоох, олон улсын зохицуулсан цагийн цаашдын хэрэглээ, хөгжүүлэлт, хэмжлийн нэгжийн олон улсын системийн хүрээг өргөжүүлэх тухай тогтоолын төсөл багтаж байгаараа онцлог, түүхэн үйл ажиллагаа болж байна.