Ажлаа мэддэг хүний яриа мэдээлэл ихтэй, дууны өнгө нь хүртэл өөртөө итгэлтэй байдаг. П.Цэрэн-Очир гуайн яриа чухамдаа тийм. Монголын хэмжил зүйн салбарын үүх түүхийг бичилцэж, өнөөг хүртэл тасралтгүй 40 жил ажилласан хүн арга ч үгүй биз. Дээр нь түүний ярианаас ажлын хариуцлага, ёсзүй гэдэг зүйлийн тухай өөрийн эрхгүй бодож эхэлнэ. Ажлаа таван хуруу шигээ мэддэг, дээр нь мэргэжлийн ёсзүйгээ амьдралын зарчим адил барьж ажиллана гэдэг эргээд харахад бахархам сайхан түүх ажээ.
Сурснаа шуурхай түгээв
П.Цэрэн-Очир гуайн амьдралын шугам анхнаасаа л Стандарт, хэмжил зүйн газар хэмээх их айлтай холбогджээ. Тухайлбал, тэрээр 1977 онд тухайн үеийн Үнэ, стандартын улсын хорооны нэр дээр хуучнаар ЗХУ-ын Одес хотод суурь машины техникумд суралцан, суурь машины техник-механик мэргэжил эзэмшиж, 1982 онд төгсч ирээд Улсын хэмжил зүйн албанд фрэйзэрчинээр анх ажлын гараагаа эхлүүлжээ.
Тухайн үед 1944 онд батлагдсан Монгол Улсын “Хэмжүүр ба хэмжих хэрэгслийн тухай” хууль гэж дагаж мөрдөх эрхзүйн ганц л бичиг баримт байсан аж. Тиймээс хэмжилзүйч орос хэлт мэргэжилтнүүд ОХУ-ын стандартуудыг шууд орчуулан мөрдүүлэх ажлыг хийдэг байжээ. “Европын холбооноос 990 мянган швейцарь франкийн тусламж манай стандартчилалын салбарыг хөгжүүлэхэд зориулан олгосон. Тухайн үеийн СХЗГ-ын дарга Ж.Бавуусүрэн “Би хоёр гартай хүн. Баруун гар нь стандарт, зүүн гар нь хэмжил зүй. Тиймээс энэ хөрөнгө оруулалтыг хувааж хийе” гэдэг хүсэлт хандивлагч талд тавьснаар шийдсэн. Тухайн үед үйлдвэрлэл,худалдаа,үйлчилгээ болон улс ардын аж ахуйн бусад салбарт ашиглагдаж байсан хүндийн хэмжих хэрэгслүүдийг шалгаж тохируулах эталон хэмжих хэмжүүр хэрэгслийн хангамж муу байлаа шүү дээ. Энэ тусламжийн хүрээнд хүндийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтад нэн шаардлагатай байсан 50 кг-ийн эталон туухай 9000 кг хийлгүүлж авч байлаа” хэмээн П.Цэрэн-Очир гуай ярьсан юм.
Дэлхий нийтэд жингийн баталгаажуулалт гэхээсээ савласан бүтээгдэхүүний баталгаажуулалтад илүү анхаардаг болох үеэр Цэрэн-Очир гуай 1997 онд Германы Хэмжилзүйн академиас “Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн мэргэжилтэнүүдийг мэргэшүүлэх” зорилгоор зохион байгуулсан савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжилзүйн хяналт хийх сэдэвт сургалтад явснаар энэ чиглэлд мэргэших зам нь эхэлжээ. 2016 онд Ази-Номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум (APLMF)-оос Индонез улсад зохион байгуулсан савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжилзүйн хяналт хийх сургалтад явж ирээд, долоо хоногийн дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд ажиллаж байгаа хэмжил зүйн хяналтын улсын байцаагч нарт “Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд тавих хэмжил зүйн хяналт сэдвээр онлайн сургалт явуулснаар сургалтад олж авсан онол, арга зүйн мэдлэгээ орон даяар хурдан шуурхай түгээж амжжээ. 2016 онд онлайн сургалт хийсэн гэхээр бас л шинэлэг сонсогдож байгаа биз. Нэг хүний сургалтаар олж авсан онол арга зүйн мэдлэгийг нийтэд шуурхай түгээж өгч, сургалт зохион байгуулснаа олон улсын байгуулагтаа холбогдох гэрэл зураг, мэдээллийг шуурхай илгээсэнд тухайн байгууллагаас хариу талархлын захиа ирүүлж байжээ.
Тэсгим өвлийн хүйтэнд ширмэн туухай барьж явсан үе
Цэрэн-Очир гуайг улсын шалгагчаар ажиллах үед ажлын ачаалал ямар их байсан нь түүний ярьсан олон жишээн дээрээс харагдана. Тухайн үед орон нутаг руу их явдаг байсан бөгөөд нэг томилолтоос ирэхэд нөгөө томилолт хүлээж байдаг байсан гэж байгаа. Бүтэн сар гэртээ үзэгдэхгүй явах нь ч элбэг гэсэн. Энэ ч бас гайгүй. Идэр есын хүйтэнд хөлдүү зооринд ширмэн туухай ашиглаж, жингүүдийг шалгаж тохируулах гэдэг л бэрх сонсогдож байгаа юм. “Залуу ч байж. 1986-1990 онд өвлийн гурван сард махны зоорин дээр ажилладаг байсан. Тухайн үед том дэлгүүрүүд шөнөөр 10-20 т махаа авдаг. Шөнө сайхан унтаж байхад л “. . . дугаар дэлгүүр байна. Жин зөрөөд байна, та хүрээд ирээч” л гэнэ. Тэгээд тах дэгтий өмсөөд л очно. Тэр хөлдүү зоорь чинь гадаанаасаа бараг илүү хүйтэн. Малынхаа араас гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг хэдэн малчдаа алдагдалд оруулчих вий гэсэндээ тэгж зогссоны хүчинд жингийн зөрүү гардаг явдлыг цэгцэлсэн юм. Тэгээд 1990 онд зах зээлийн нийгэмд шилжлээ. Янз бүрийн хүмүүс худалдаа эрхэлж эхэллээ. Худалдагч нь ч, худалдан авагч нь ч хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг ойлгохгүй, үүнийг цэгцлэх гэж нэлээд явсан шүү дээ, бид” гэж тэрээр хуучилсан.
Нээрээ л хүмүүсийн хөлс хүчээ шингээсэн ажлыг зөв хэмжиж, үнэлэх суурийг тавина гэдэг үнэхээр буянтай ажил юм. Малчид гэлтгүй тариаланчдын дөрвөн цагийн эргэлтэд зүтгэсэн ажлаа зөв хэмждэг болоход мөн л Цэрэн-Очир гуай гар бие оролцож явжээ. Тухайлбал, Монголын томоохон хоёр үйлдвэрлэгч болох “Гацуурт”, “Алтан тариа” компани улаан буудайн хэмжилт дээр үл ойлголцол үүсэх үед Сэлэнгэд газар дээр нь 3-4 жил ажилласны эцэст үр тариа, ногооны хэмжилт дээр дахин асуудал гарахаа больсон гэдэг. “Бүх жин нь жин тан болчихоор асуудал гарахгүй. Нэг ажил руу орчихоороо махруу, өдөржин шөнөжин ажиллаад, өглөө болохоор хүн аргагүй ядардаг юм билээ. Түүнээс хойш тариаланчид маань хэмжил зүйгээс болж хохирох асуудалгүй болсон” хэмээн Цэрэн-Очир гуай ярьсан.
Буруу хэмжилтээс болж алдсан 571,4 сая төгрөгийг улсын төсөвт буцаан оруулсан нь
Буруу хэмжлийн сөрөг үр дагавраас улсын эдийн засагт ямар том хохирол учирч болохыг Цэрэн-Очир гуайн ажиллаж байсан олон улсын чанартай зарим томоохон хэргээс харж болно. Тухайлбал, 2011 онд “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн Дорнод аймгийн Матад суманд орших Бүтээгдэхүүн хуваах гэрээт Тосон-Уул XIX талбайгаас талбайгаас экспортолж буй түүхий тосны ачилт буулгалтын тоо хэмжээ, чанарын шинжилгээнд хийх хяналт шалгалтаар экспортоос илүү ачигдсан газрын тосны үнэ болох 571.4 сая төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Тухайн шалгалтын ажлын хэсэгт Хятад, Монгол хоёр талаас холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хэмжил зүйн арга барил дээр багагүй маргаан өрнөсөн ч Цэрэн-Очир гуай аргагүй л мэргэжилдээ эзэн болсон хүний хувиар том гүрний мэргэжил нэгт нөхдөө ямар ч няцаалтгүй болтол нь бүх нотолгоог гаргаж тавьсан байгаа юм. Энэ тухай тэрээр ярихдаа “Хятадын тал манай пүү зүгээр, танайх буруу зааж байна гэдэг. Энэ салбарт 30 жил ажилласны хувьд би өөрийнхөө баталсан пүүг мэдэлгүй яахав. Тэгээд би хэлж байгаа юм. “Энэ маргаан бүр муугаар ярих юм бол олон улсын шүүх/ГААГ/ дээр очино. Манайх олон улсын хууль эрхийн зөвлөмжийн дагуу стандартаа батлуулсан. Танайх бол улсынхаа G800 гэдэг үндэсний стандарттай юм байна. Хоёулаа олон улсын шүүх дээр очоод үзье” гэсэн. Тэгээд л бууж өгсөн л дөө” гэсэн. Ер нь түүнийг ажлын хариуцлага өндөртэй, нэг зорьсон зүйлээ шатаж хийдэг гэдэг нь энэхүү хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажлаас харагдахаар байсан. Ямар ч харилцагч тал бидний буруу байжээ гээд шууд хүлээн зөвшөөрчихгүй тул Хятад тал ч өөрийн талд асуудлыг шийдэхийн тулд янз бүрээр үзсэн шиг байгаа юм. Ижил мэргэжилтэй хэрнээ ойлгомжтой зүйл дээр булзаад байхаар нь Цэрэн-Очир гуай “Манайхыг бодоход өндөр хөгжилтэй улсын хүн гэхэд би чамайг гайхаж байна. Хоёулаа энд маргалдахын өмнө чи эхлээд Ньютоны 2-р хуулийг 5,6-р ангийн физикийн багшаас асуучихаад ир гэсэн. Сүүлдээ Хятадууд намайг маш их хүндэлдэг болсон л доо” хэмээн инээмсэглэн ярьж суусан.
Ингэж тэрээр 2011 онд “Петро Чайна Дачин Тамсаг” ХХкомпанид хэмжил зүйн хяналт, шалгалт явуулахад экспортын бүтээгдэхүүний хэмжилтийг шингэний тоолуураар хийж байсныг таслан зогсоож, хүнд даацын автомашины жин суурилуулж ашиглах улсын байцаагчийн “Албан шаардлага” өгч, биелэлтийг хянаж хангуулснаар дахин нөхөгдөшгүй байгалийн баялаг болох газрын түүхий тосоо үнэн зөв хэмжиж, экспортод гаргах нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн 1995 онд Японы ЭСЯ-ны барилгад ашиглах арматурын төмрийн хэмжилтэд нийлүүлж байгаа “Улаанбаатар барилга” ХХК, хүлээн авагч Япон улсын Барилгын байгууллагын хооронд хэмжлийн алдаанаас болж их хэмжээний төмрийн зөрүү үүссэнийг газар дээр нь сонирхогч талуудыг байлцуулан эталон туухай, шалгалтын жин ашиглан хэмжилт хийж, үүссэн зөрүү нь Японы талын хэмжилтийн буруугаас болсон гэдгийг тогтоож, шалгалтын протокол үйлдэн оролцогч нараар гарын үсэг зуруулан “Улаанбаатар барилга” ХХК-д учирч болох санхүүгийн асуудлыг нааштай шийдвэрлүүлсэн гээд иргэд, төр болон аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн алдагдлаас аварч байсан олон жишээ түүнд бий.
Асуулт: Ажлын хариуцлага гэж юу вэ.
Хариулт: Цэрэн-Очир гуай
Нэг удаа Агентлагийн дэд дарга албан хаагчдаасаа “Ажлын хариуцлага гэж юу вэ” гэж асууж л дээ. Тэгэхэд хүн бүр янз бүрийн хариулт хэлсний дотор “Ажлын хариуцлага гэдэг бол Цэрэн-Очир гуай” гэж хариулсан гэдэг. Хамт олондоо, харилцагч түмэндээ ингэж үнэлэгдэнэ гэдэг бол ямар өндөр цол хэргэмээс дутахгүй том хүндлэл.
“Би хүмүүстээ ганц хэлдэг зүйл бол та нар эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн болоорой. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон хүн хүний өмнөөс бардам үг хэлдэг байхгүй юу. Өөрөө хариуцлагатай байж, өрөөлийг шаардахгүй бол болохгүй биз дээ. Намайг их ширүүн дарга гэдэг юм, уг нь би их зөөлөн хүн шүү дээ. Ажлын шаардлага бол өндөр” гэж Цэрэн-Очир гуай ярьсан. Мөн тэрээр “Хүмүүст их тустай явжээ гэдгээ эргээд харахаар их өёг байдаг юм билээ. Ер нь хэмжил зүйн мэргэжил их буянтай ажил. Одоо ч хүмүүс намайг таньдаг юм. Танаар л шалгуулмаар байна гээд хүрээд ирдэг. Би ч одоо тэтгэврийн өвгөн болсоон л гэдэг юм” хэмээн инээмсэглэн суух түүнээс мэргэжилдээ эзэн байхын бахархлыг олж харсан.
П.Цэрэн-Очир гуай 1993 онд Стандарчлал, хэмжил зүйн үндэсний төвийн МХХБ лабораторийн эрхлэгчээр томилогдоод ажлын үзүүлэлтээрээ сүүл мушгиж явсан нэгжээ нэгдүгээр байранд ортол үр бүтээлтэй ажиллуулж, улмаар 1994 онд Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж байжээ. “Тухайн үед лаборатори маань ахмадууд нь том байгууллагуудын баталгаажуулалтаа хийдэг, залуус бид жижиг аж ахуйн нэгжийнхийг хийдэг байсныг өөрчилж, лабораторийн ажлыг дүүргээр хувааж, том жижиг гэлтгүй, хариуцсан дүүргийнхээ бүх хэмжих хэрэгслүүдийн баталгаажуулалтын ажлыг хариуцах болсноор ажил жигдрээд ирж байгаа юм. Баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийн тоо ч өсөөд ирж байгаа юм. Мөн 1990 оноос бүх аймагт хэмжил зүйн хэлтсийг шинээр байгуулж, тэнд ажиллах мэргэжлийн хүндийн хэмжүүрийн улсын шалгагч нарыг бэлтгэх сургалтад З.Ганболд, Д.Шаравдорж, П.Цэрэн-Очир гуай нар удирдан явуулсан учраас улс даяар өнөр өтгөн шавь нартай болж, тэд нартаа байнга мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг тогтмол өгч хэвшжээ. Үнэндээ л хүндийн хэмжүүртэй холбоотой бүхий л хууль эрхзүйн бичигт оролцож, боловсон хүчнийг сургасан гээд Монголын хэмжүүрийн салбарыг босгож ирэхэд энэ гурван хүний гавьяа их бий.
П.Цэрэн-Очир: Аливаа улсын хөгжил хэмжил зүйгээс эхэлдэг
-Хэмжил зүйн салбарын мэргэжлийн онцлог юу вэ?
-Хэмжил зүйн салбар гэдэг бол хэмжлийн сөрөг үр дагавраас хэрэглэгчийг сэргийлэх. Тэр ч утгаараа хэмжих хэрэгслийн баталгаажуулалт бол худалдагчаа ч, худалдан авагчаа ч хамгаалдаг ажил. Үүний төлөө л энэ амьдралыг зориуллаа даа. Бид салбарынхаа хууль эрхзүйн актуудыг маш сайн бэлтгэсэн. Стандартынхаа үзлэгийг хийгээд хуучирсныг нь шинэчлээд явна. Намайг анх ажилд ороход манай байгууллага ганцхан цагийн эталонтой байсан. Одоо 10 гаруй хэмжлийн эталлонтой болсон байна.
-Газрын тосны хэмжил дээр Хятад талтай ажлын хэсэг болж байсан жишээ тань сонирхолтой байсан. Тэр их мөнгөн алдагдлыг зогсооно гэдэг хэмжил зүй ямар чухлыг харуулсан сонгодог жишээ болов уу?
-Хятад Монгол хоёр хөгжлийн хувьд ялгаатай ч хэмжилзүйн хувьд Монгол Улс Хятадаас илүү гарсан, өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хятад үндэсний стандартаа л мөрддөг, манай улс бол олон улсын стандартыг орчуулан үндэсний болгож мөрддөг, хаана ч маргаан гарсан асуудалгүй өөрийн талд шийдвэрлэх боломжтой нь бидний давуу тал.
-Тэгэхээр манайх зөвхөн Хятад гэлтгүй олон улсын хөгжилтэй хэмжил зүйгээрээ ойролцоо явдаг гэсэн үг үү?
-Тэр төвшинд нь очихын төлөө явж байгаа. Аливаа нэг улсын хөгжил бол хэмжилзүйн салбараа хөгжүүлж бэхжүүлснээр эхэлдэг. “Хэмжиж эхэлсэн тэр үеэс шинжлэх ухаан үүсдэг” Менделеевийн үг ч байна шүү дээ. Хэмжихгүйгээр ямар ч үйлдвэрлэл явахгүй. Гаднын өндөр хөгжсөн улсуудын барьж байгаа бодлого бол хэмжил зүйг эхлээд өөд нь татдаг.
Хэмжил зүй хэр хүнд хэцүү ажил вэ?
-Ер нь их хүнд ажил. Яагаад гэхээр тухайн хүний мэргэжлийн чадвараас хамаараад тухайн улсын хөгжлийн асуудал яригддаг. Хэрвээ би газрын тосны асуудал дээр буруу ажилласан бол тэр 571 сая төгрөг орж ирэхгүй шүү дээ. Тэгэхээр үүнд хариуцлагын тогтолцоо маш өндөр байх ёстой байхгүй юу. Хүмүүсээ сургахад хүртэл мэргэжлийн шалгалт зэргийг маш хатуу авдаг. Яагаад гэхээр түүний ард улсын хөгжил, хүмүүсийн хөлс хүчээ гаргаж бий болгосон хөдөлмөр явж байдаг.
-Анх та мэргэжлээ өөрөө сонгож байв уу, цаанаас ирсэн хуваарийн дагуу авсан уу?
-Дээд, тусгай дунд боловсролын улсын хороо гэж байсан. Тэндээс хүмүүсийг хуваарилдаг байсан. Мэргэжил гэснээс би ажилдаа ороод нэг жилийн дараа Цэргийн зарлан ирж байгаа юм. Тэгээд би сайд дээр орлоо. Ууртай үед нь ч орж таарсан. “Цэргийн зарлан ирлээ” гэсэн чинь “Чамайг явуулахгүй. Нам засгийн зардлаар сурчихаад, гурван жил ажиллаж байж өрөө төлөх ёстой” гэж байна. “Уучлаарай сайдаа би Монгол Улсынхаа иргэний хувьд үүргээ биелүүлэх гэж байна. Үүргээ биелүүлчихээд л ирнэ. Та яахаа өөрөө шийд” гээд гараад явчихсан. Тэгсэн дараа нь манай үйлдвэрийн даргад “Тэр их ширүүн нөхөр байна лээ шүү, та нар цэрэгт алдчихав аа” гэсэн гэнэ лээ. Намайг цэрэгт байхад цол аваад гааль дээр ажилла гэхэд нь “Би эзэмшсэн мэргэжилтэй, эрхэлсэн ажилтай, тэндээ буцаж орно” гээд ирсэн. Цэрэгт байхад чинь би үндсэндээ орчуулагч байлаа шүү дээ. Тэр үед орос хэлтэй хүн цөөн. Застав дээр орос кино гарна, би синхрон орчуулга хийж өгнө гэх мэтээр хэлний хэрэгцээ их байсан болохоор намайг үлдээх сонирхол их байсан хэрэг.
-Та хэдийнээс мэргэжилдээ дурлаж эхэлсэн бэ?
-Ээж маань Дулааны цахилгаан станцид ажилладаг байсан. “Нарийн хэмжүүр их гоё юм аа” станцын үйл ажиллагаа хэмжилтгүйгээр яагаад ч явахгүй гэж их ярьдаг байсан нь л хэмжил зүй гэдэг зүйлийг тархинд суулгачихсан шиг байгаа юм. 1982 онд Одесст сургууль төгсөөд, 1996 онд “Бүх холбоотны Стандартчилал, Хэмжилзүй институт/ВИСМ/-ын дээд курсийг механик хэмжүүрийн шалгалт, баталгаажуулалтаар мэргэжил дээшлүүлсэн, Малайз, Сингапур зэрэг орнуудад зохиогдсон мэргэжлийн сургалтуудад амжилттай оролцсон гээд хэмжүүрт бол өөрийгөө их боловсруулсан гэж боддог.
-Мэргэжил болгонд ёсзүй бий. Тэр дундаа таны мэргэжил бас их ёсзүй шаарддагийг анзаарлаа. Та өөрөө ч их зарчимтай хүн шиг байна?
-Анх намайг ажилд ороход ахмадууд маань “Төрийн албан хаагч гэж ард түмний боол байдаг юм” гэж хэлж байсан. Яагаад гэхээр бид ард түмний татвараар цалинждаг. Хүнийг том бага гэхгүй хүндэлж байх ёстой. Бусдыг эхэлж хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ шүү дээ. Шударга үнэнээр ажиллахад торгуулсан хүн хүртэл баярлаад гардаг. Учир нь би “Та хэрэглэгчийг ингэж хохироосон байна. Үүнийг чинь би ингэж таслан зогсоолоо гэдгийг тайлбарлаж өгдөг.
Ийнхүү Монголын хэмжил зүйн салбарт түүний санаачилсан, хийсэн ажлыг тоон дүнгээр харуулах юм бол багагүй үзүүлэлт гарах юм билээ. Хэмжил зүйг тусдаа нэг хэл гэж үзвэл тэр хэлийг төгс эзэмшсэн хүн бол яах аргагүй П.Цэрэн-Очир гуай. Хамгийн гол нь мэргэжилдээ сэтгэлээ шингээж ажилласан хүний бүтээсэн түүх ямар бахархам болохыг түүний амьдралын замнал харуулах билээ.