Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс гаргаж буй шалгалт тохируулгын гэрчилгээний үр дүн болон эталоны үзүүлэлтийн ижил тэгш байдлыг олон улс, бүс нутгийн хэмжил зүйн байгууллагаас эсвэл жин хэмжүүрийн хорооны (CIPM) зөвлөлдөх хороодоос зохион байгуулах түлхүүр болон нэмэлт харьцуулалтын үр дүнгээр тогтоодог.
Хэмжил зүйн хүрээлэнгийн уртын эталоны лаборатори Европын Холбооны Бүс нутгийн байгууллагаас зохион байгуулсан EURAMET.S-L27 алсын зайн хэмжлийн төрлөөр эталон ган туузанметрийн харьцуулалтад оролцлоо. Тус харьцуулалт 2018 оны 2-р сард эхэлсэн бөгөөд Ази, Европын нийт 20 орны уртын лабораториуд оролцож байна. Лавлагаа лабораториор БНХГУ-ын Физик Техникийн Хүрээлэн(РТВ)-ээс ирүүлсэн 10 м (5 мм хуваарийн хуваагдалтай), 50 м (1 мм хуваарийн хуваагдалтай) ба 50 м (1 м хуваарийн хуваагдалтай) урттай 3 ш ган туузан метрийг оролцогчид өөрсдийн хэмжлийн системээр ээлжлэн шалгана. Энэ харьцуулалтын батлагдсан хуваарь ёсоор ХЗХ-ийн уртын эталоны лаборатори дээр дурдсан 3 ш эталон ган туузанметрийг 10 сарын 25-нд хүлээн авч, уртын хоёрдогч эталон болох 633 нм долгионы урттай лазер интерферометрийн аргаар шалгалт тохируулгыг гүйцэтгэлээ. Зохион байгуулагчаас ирүүлсэн протоколын дагуу тодорхой цэгүүд дэх үнэмлэхүй зайн утгыг лазерын долгионы уртаар тодорхойлсон. Энэхүү харьцуулалтад оролцсоноор ХЗХ-ийн уртын эталоны лабораторийн 20 м урттай лазер интерферометрийн шалгалт тохируулгын арга, аргачлалын баталгаажуулалт, үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Бид харьцуулалтын дээж туузанметрийг дараагийн лаборатори болох ОХУ-ын Д.И.Менделеевийн нэрэмжит Хэмжил зүйн хүрээлэн уруу явуулсан. EURAMET.S-L27 харьцуулалтын үр дүн 2022 оны эхний хагаст гарах бөгөөд СХЗГ амжилттай оролцсон тохиолдолд уртын эталоны лабораторийн шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхи буюу олон улсын нэршлээр СМС(calibration and measurement capability)-г үнэлүүлэн BIPM(Жин хэмжүүрийн Олон Улсын товчоо)-ны түлхүүр харьцуулалтын өгөгдлийн санд байршуулах нөхцлийг хангах юм.
Бэлтгэсэн: ХЗХ-ийн уртын эталоны лабораторийн
ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг