Ази номхон далайн орнуудын итгэмжлэлийн сүлжээг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Сургагч багшийн I үе шатны сургалтанд хамрагдав

Ази номхон далайн орнуудын итгэмжлэлийн сүлжээг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Сургагч багшийн I үе шатны сургалтанд хамрагдав

Ази номхон далайн орнуудын итгэмжлэлийн сүлжээг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Сургагч багшийн I үе шатны сургалтанд хамрагдав

       SANAP 2: Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC), ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгээс хамтран хэрэгжүүлж буй Ази номхон далайн орнуудын итгэмжлэлийн сүлжээг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Тайланд улсын Бангкок хотноо 2018 оны 12 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд зохион байгуулсан Сургагч багшийн I үе шатны сургалтанд Тайланд, Монгол, Вьетнам, Энэтхэг, Непал, Малайз, Мянмар Филиппин зэрэг  8 орны 10 итгэмжлэлийн байгууллагын ажилтнууд оролцсон. Тус сургалтанд итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Удвал хамрагдлаа.

Өнөөдөр тухайн салбарын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн мэргэжилтэн бэлтгэж буй уламжлалт тогтолцоо орчин үеийн шаардлагаас улам бүр хоцорч байна. Ингэхдээ сургалтын явцад суралцагчдад бүтээлч идэвхтэй байх, бүтээлчээр сэтгэх, дүгнэх, үр ашгийг чухалчилдаг, зах зээлийн өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад хурдан зохицох чадвартай байх зэрэг чадваруудыг хөгжүүлэх нь чухал байна. Иймээс багш төвтэй загвараас  суралцагч төвтэй загварт шилжих шаардлага зүй ёсоор гарч байна.   Орчин үеийн сургалтын арга барил нь  суралцагч төвтэй байх бөгөөд багш чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, сургалтын идэвхитэй олон арга хэлбэрийг ашиглан багаар хамтран ажиллах, нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг суралцагчдад олгодог давуу талтай.

Сургалтын хөтөлбөрийг боловсруулахаас өмнө сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хэрэгтэй. Суралцагчийн сургалтын ялгааг задлан шинжилж тогтоосны үндсэн дээр сургалтын зорилгоо тодорхойлох боломжтой. Сургалтын үр дүн нь  хэмжиж болохуйц бөгөөд хөтөлбөрт хамрагдсанаас хойш суралцагч ямар чадвар эзэмшсэн байхыг харуулна. Сургалтын үр дүнгийн зорилго нь хичээлийн агуулга, үнэлгээний аргуудыг зорилгод нийцүүлэх, сургагч багшийн хүлээлтийг тодорхой илэрхийлж байх, суралцах явцын логик дарааллыг тогтоох, шаардлагатай гэж үзвэл сургагч, оролцогчдод өөрийгөө үнэлэх боломжийг олгох асуудлыг тусгасан байна. Үр дүн сайтай сургалтын шалгуур нь суралцагч төвтэй, хэмжигдэхүйц, үйл явц, тусгай чадамжийн үйл явцад анхаарлаа хандуулсан байдаг.

Суралцагчийн амжилттай суралцах эсэх нь зөвхөн хувь хүний авьяас, зүтгэлээр тодорхойлогдохгүй нас, сэдэл, орчин, багшийн арга зүй зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалдаг. Зарим суралцагч харсан, уншсан зүйлээ хялбар тогтоодог байхад зарим нь сонсох, дасгал хийх, харилцан ярилцах аргаар мэдлэгийг олж авдаг. Үүний учир шалтгааныг суралцагчийн хэв маягтай холбон тайлбарладаг.  Суралцах хэв маягийн онолыг 1984 онд Дэвид Колб гаргасан ба мэдээллийг хүлээн авах үйл явц нь туршиж хийх ба эргэцүүлэн бодож ажиглах үйлээр явагддаг. Өөрөөр хэлбэл хүн туршиж хийх, бодит юмсыг мэдрэх, эргэцүүлэн бодож ажиглах, хийсвэр төсөөллийг бий болгох гэсэн  өөр хоорондоо ялгаатай суралцах 4 хэв маягийг тодорхойлсон байдаг.

1.Бодит туршлага (CE) – сургалтын явцад ажигласнаар шууд ба тодорхой туршлага бий болдог.

2. Ажигласан зүйлээ эргэцүүлэх (RO) – Ажигласан зүйлээ эргэцүүлж, ямар мэдээлэл олж авснаа нэгтгэн ерөнхий онол болгодог өөрөөр хэлбэл дүгнэлт хийж сурна.

3. Таамаглал дээрээ үндэслэн хийсвэр ойлголтоо бий болгох (АР) Бодож, сэтгэж суралцах

4. Идэвхтэй туршилт (AE) – Хийж суралцах

Суралцагчдыг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулахын тулд сургалтын идэвхтэй олон арга хэлбэрүүдийг ашигладаг. Тухайлбал, сургалтын интерактив арга нь суралцагч өөрийн оюун ухааны чадвар, амжилттай байдлыг мэдрэх, сургалтын процессыг үр дүнтэй болгох сургалтын таатай нөхцлийг бий болгодог. Өөрөөр хэлбэл интерактив сургалт гэдэг нь багш, суралцагчийн хооронд болон суралцагчдын хооронд идэвхтэй харилцан үйлчлэл үзүүлдэг сургалт юм. Интерактив сургалтын арга хэлбэрүүд quizz, хэлэлцүүлэг, асуулт ба хариулт, ажил хэрэгч ба дүрийн тоглолт, сase-study ( тодорхой байдлыг дүгнэх, нөхцөл байдлын дүгнэлт) байна.

Сургагч багшийн гол зорилтуудын нэг нь оролцогчдод сурч мэдсэн зүйлээ практикт ашиглах боломжтой гэдгийг сануулах зорилгоор  сургалтын төгсгөлд идэвхтэй хяналтын ярилцлага  явуулах арга хэлбэрүүдтэй танилцаж, суралцсан.  Роберт Милс Гаганы төлөвлөлтөнд сургалтын үр дүн, дотоод, гадаад нөхцөл, суралцах нөхцөл,  суралцагчдыг идэвхижүүлэх төлөвлөгөө,  үнэлгээний загвар зохиох зэрэг асуудлыг багтаасан байдаг.  Сургалтыг үр дүнтэй төлөвлөхийн тулд үр дүн/зорилтыг тодорхойлох, энэхүү зорилтыг дэмжих агуулгыг сонгох, агуулгын дарааллыг бий болгох, агуулгыг хэрхэн хүргэх талаар шийдэх (ж.нь лекц, дүрд тоглох, видео,кэйс судалгаа, жагсаал, г.м), цаг хугацаа болон  нөөцийг хуваарилах, үнэлгээг тодорхойлох зэрэг асуудлыг тусгасан байдаг.

Сургалтыг үр дүнтэй явуулах тохиромжтой орчинг бүрдүүлэхийн тулд оролцогчдын тооноос хамаарч, сандал ширээний зохион байгуулалтыг хийх /театрын, ангийн, U  хэлбэрийн, кластер загварын суудал/  өрөөний хэм, гэрэлтүүлэг хангалттай эсэх талаар анхаарч, ажиллах талаар суралцлаа.

Сургалтыг хүргэх урлаг- ямар ч танилцуулга эсвэл сургалтын нээлтийн ажиллагаа хамгийн чухал хэсэг юм. Нээлт хийх, ялангуяа сургалтын эхэнд хүн бүрт анхаарал хандуулж, сайн харилцаа тогтоох, асуултанд хариулах LACAV and PRES загварыг ашиглах арга техникт суралцсан. Хүмүүс таалагдсан хүнээсээ суралцдаг гэдгийг байнга санах хэрэгтэй. Сургалтыг хүргэхэд сургагч багшийн дуу хоолой, дүр төрх маш чухал юм. Нүүрний илэрхийлэл болоод оролцогчтой итгэлцэл, харилцааг бий болгохын тулд нүдээрээ холбогдох ба ширтэхээс зайлхийх хэрэгтэй.

Оролцогчидтой эргэх холбоотой байхын тулд SEED (BIC) загварыг ашиглан оролцогчдод санал хүсэлтээ хүргэх аргад суралцсан. Сургалтын үйл ажиллагаанд Power point программыг ашиглан танилцуулга бэлтгэх, сайн муу бүтэцтэй слайдны ялгаа болон загварын зарчим, өнгийг хэрхэн сонгож ашиглах арга техникд суралцав.

Энэхүү сургалтанд хамрагдснаар сургалтын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан үр дүнтэй, системтэй сургалт зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай арга зүй, ур чадварыг эзэмшиж, суралцагчдад үр дүнтэй сургалтыг  хүргэхийн тулд суралцах эерэг, оновчтой орчинг бүрдүүлэх, практик арга техникт суралцаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.

 

 

 

 

Leave a Reply