Стандарт, хэмжил зүйн газрын даргын С/31 дугаар тушаалаар Эрүүл мэнд, эмнэлгийн тусламжийн стандартчиллын техникийн хорооны хуралдаанаар “MNS 7015:2023 Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл” стандартыг шинээр баталлаа. Тус стандартын хамрах хүрээ нь дараах эмгэг судлалын тусламж үйлчилгээний үйлдэлд хамаарна. Үүнд:
a) Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан, эмнэл зүйн онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээг хийх,
b) Эмнэл зүйн болон эмгэг судлалын оношийг өвчний олон улсын ангиллаар хэлбэржүүлэн тавьж оношны тохироог үнэлэх,
c) Хүний биеэс оношилгоо, мэс заслын эмчилгээний зорилгоор авсан сорьцод шинжилгээг олон улсын стандартын дагуу, алдаагүй, зөв хийж онош, дүгнэлт өгөх,
d) Эдийн бичил бэлдмэлийг микроскопоор харж онош тогтоон өвчний олон улсын ангиллаар кодолж, хэлбэржүүлэн тавих,
e) Эдийн сорьцыг эмгэг судлалын лабораторийн шат дараалсан боловсруулалтаар дамжуулан олон улсын стандартын дагуу, алдаагүй, зөв боловсруулж эдийн бичил бэлдмэл бэлтгэх,
f) Хүний биеэс оношилгоо, эмчилгээний зорилгоор авсан эс судлалын шинжилгээний сорьцод олон улсын стандарт, ангиллын дагуу онош, дүгнэлт өгөх. Энэ стандартыг эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
Түүнчлэн тус стандартыг баталсантай холбогдуулан MNS 5377:2004; MNS 6130:2010; MNS 6539-1:2015; MNS 6539-3:2015; MNS 6539-4:2015; MNS 6539-5:2015; MNS 6714-1:2018; MNS 6714-2:2018; MNS 6714-3:2018; MNS 6714-4:2018 гэсэн 10 стандартыг хүчингүй болгов.