Стандарт, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газар, “Голомт” банк, Үнэт металын үндэсний холбоо хамтран зохион байгуулсан “Сорьд 2021” харилцагчидтай уулзах уулзалт энэ сарын 24-нд боллоо. Уулзалтад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, МХЕГ, ГЕГ, ШӨХТГ зэрэг төрийн байгууллага болон Сорьцын хяналтын газрын харилцагч байгууллага, хувь хүний төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр алт, үнэт эдлэл үйлдвэрлэгч, олборлогч албан байгууллага, хувь хүмүүсээс 15 хүндэт харилцагчаа тодруулсан бөгөөд цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах талаараа харилцан санал бодлоо солилцсон ажил хэрэгч уулзалт боллоо.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд орон нутагт хоёр салбар лаборатори байгуулахад тоног төхөөрөмж, хүний нөөцөөр ханган ажиллах, Төв болон орон нутгийн лабораториудын чадавхийг нэмэгдүүлэхэд газрын зүгээс бүхий л хэлбэрээр дэмжин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллагуудтай хамтран салбарын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад анхааран ажиллана” гэдгээ тодотгосон.
Сорьцын хяналтын газар нь үүсч байгуулагдсан 58-н жилийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 390 орчим тн /алт, мөнгө/ үнэт металлын сорьц тогтоох 86000 шинжилгээг хийж гүйцэтгэн баталгаажуулан худалдан борлуулах боломжийг бүрдүүлэн улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хамт олон билээ.