“Монгол дархан 2022” үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерэйд нээлтээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин нар оролцлоо. Тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах зарлиг 2004 онд гарч байсан бөгөөд гурав дахь удаагаа болж байгаа энэ удаагийн үзэсгэлэнд 12 аж ахуйн нэгж, 64 урчуудын 288 хосгүй үнэт бүтээл оролцож байна. Энэхүү бүтээлүүдээс 15-ийг шилдгээр шалгаруулж, гранпри шагналыг уран бүтээлч Г.Хадхүү ган сийлбэртэй найман тахилтай хэт хутгаар хүртлээ. Мөн энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын жуух бичгийг СХЗГ-ын дарга Б.Билгүүн зарим хүндтэй оролцогчдод гардууллаа.