Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн, Шалгалт тохируулгын хэлтэс, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын төлөөлөл Smart home буюу барилга, байгууламжийн ухаалаг автоматжуулалтын хяналтын төхөөрөмж зохион бүтээдэг, технологи хөгжүүлэлтийн “Добу технологи” ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь зохион бүтээсэн ухаалаг хяналтын автоматжуулалтын төхөөрөмжөө АНУ-ын Оюуны өмчийн гэрчилгээтэй, албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Гар утасны утасгүй ухаалаг цэнэглэгчийг анх өндөр хөгжилтэй орнуудад зориулан экспортолж байсан юм.
Үндэсний үйлдвэрлэгч, технологи хөгжүүлэлтийн энэ компани нь “Добу” брэндийн ухаалаг автомат хяналтын төхөөрөмж, барилга, байгууламжийн галын аюулгүй байдлын хяналтын систем зохион бүтээн, хөгжүүлэлтийг хийн зорилтот зах зээл болон дэд бүтцийн салбар, барилга, байгууламж, орон сууцны аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд стандарт, чанар аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани байна.