Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжиж, тэдний ур чадварыг дээшлүүлэх замаар төрийн албан дахь удирдах түвшний жендэрийн ялгамжийг арилгах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн шугамаар Эмэгтэйчүүд, залуучуудын оюуны сан төрийн бус байгууллагатай хамтран “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн энэ удаагийн сургалтад “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төсөл хэрэгжиж байгаа яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн захиргааны 14 байгууллагаас сонгогдсон дараагийн шатны албан тушаалд дэвшин ажиллах магадлал бүхий 29 эмэгтэй албан хаагчид хамрагдаж байна. Стандарт, хэмжил зүйн газраас хоёр эмэгтэй албан хаагч тус сургалтад оролцож байгаа юм.
Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын энэхүү багц хөтөлбөр нь “Манлайллын сургалт”, “Коучингийн сургалт” болон “Менторшип хөтөлбөр” гэсэн үндсэн бүтцээс бүрддэг бөгөөд хөтөлбөрт сонгон шалгарсан төрийн захиргааны эмэгтэй албан хаагчид менторуудын уулзалт, хэлэлцүүлэгт хамрагдан гурван сарын турш суралцах болно.