Стандартчилал, техникийн хороо, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн болон холбогдох албаны хүмүүс ЦХХХЯ-нд ажиллалаа.
Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ, “Засгийн газрын 1111 төвд ирсэн гомдлыг 80-аад хувь нь төрийн үйлчилгээтэй холбоотой байдаг. Тиймээс төрийн үйлчилгээнд процессийн шинэчлэл хийх цаг болжээ. Төрийн үйлчилгээний стандарт, бусад баримтлах зарчим дээр Шадар сайд дэмжин оролцож байгаад талархалтай байна” гэсэн.
Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, “Стандартууд тодорхой хэмжээнд байгаа ч төрийн байгууллагууд уялдаа алга. Дор дороо хувийн амбийцтай, бие биедээ тайлбар тавьсан хүмүүс. Гэтэл бид нэг төртэй, нэгдсэн хяналт үйлчилгээтэй байх ёстой. Гэтэл серверээсээ эхлээд цахим үйлчилгээ нь тусдаа явчихсан. Стандартыг хэрэгжүүлэхгүйгээр хөгжлийн том бодлого ярих боломжгүй” хэмээн онцолсон.