Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр болон Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа тэргүүтэй стандартчиллын холбогдох мэргэжилтнүүд Канад Улсын Стандартын Зөвлөл (SCC)-тэй Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан цахим уулзалтыг өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийлээ.
Тус хоёр байгууллага нь стандартчиллын салбарт хамтран ажиллах Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа юм.
Стандарт, хэмжил зүйн газрын зүгээс хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол Улсын тэргүүлэх салбаруудын стандартчиллын үйл ажиллагаа, тухайлбал автозам тээвэр, барилга, уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт зэргийг тусгахаар зорин ажиллаж байна.
2023 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдааны үеэр манай хоёр байгууллага тус Хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулахаар төлөвлөн ажиллаж байна.