Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон яамдын дэд сайд нар, холбогдох байгууллагын удирдлагууд СХЗГ-т ажиллалаа.
Энэ үеэр стандартын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, салбарынхны санал хүсэлтийг сонслоо. Тус уулзалтын эхэнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Стандартгүйгээр улс орны хөгжлийн тухай ярих аргагүй. Стандарт гэдэг бол шинжлэх ухаанд суурилсан хөгжил юм. Улс орны хөгжлийн гол шалгуур, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс нь стандарт юм гэдгийг олон нийтэд сурталчлан таниулахаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллагууд стандартыг үйл ажиллагааныхаа луужин болгох цаг хэдийн болсон” гэж тодотгосон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалан эрүүл аюулгүй орчинд амьдрах суурь нөхцөлийг хангадаг стандарт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн хяналтын тогтолцоог өөрчлөх шаардлагатайг онцолсон. Тухайлбал, МХЕГ-ын бүтцийг илүү либералчилж, салбар бүрт итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагаар стандартын хяналтыг хангуулдаг олон улсын жишгийг дагах нь зүйтэй гэдгийг хэлсэн.
Шаардлагатай стандартыг боловсруулан батлуулах асуудал удаашралтай байдаг нэг шалтгаан нь салбар хоорондын уялдаагүй байдал гэдгийг Шадар сайд С.Амарсайхан дурдсан бөгөөд холбогдох яамдын сайд нарт анхаарал хандуулахыг үүрэг болгосон. Уулзалтын төгсгөлд стандарт, хэмжил зүйн салбарын мэргэжилтнүүд санал хүсэлтээ хэлсэн бөгөөд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол боловсон хүчний дутагдал, техник хэрэгслийн хомсдол гэдгийг онцолсон.