Хүн бүрд өөрийн гэсэн онцлог бий. Тасралтгүй хөгжин дэвших хүсэл, түүндээ ч хүрсээр ирсэн тууштай, дайчин байдал бол түүнийг тодотгох хамгийн чухал чанар болов уу хэмээн Орхон аймгийн СХЗХ-ийн бүтээгдэхүүний баталгаажуулалтын мэргэжилтэн Г.Баасанбилэгттэй ярилцаж суухдаа бодогдсон.
Стандарт, хэмжил зүйн салбарт 30 жил “чанагдахдаа” тэрээр энэ цаг хугацааг огтоос сул орхиогүй нь түүний намтраас харагдана. Лабораторид сорилтын инженерээс стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн, бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн гээд түүнд ажиллаагүй нэгж цөөн. Үндсэн ажлынхаа хажуугаар ХАБЭА, ХАСХОМ хариуцахаас гадна чанарын менежер, хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг мөн хариуцах гээд их ч олон давхар хариуцлага үүрэх юм. Бүхий л салбарт тулгараад байгаа хүний нөөцийн хомсдолоос үүдэлтэйгээр ингэж үндсэн ажлын хажуугаар тэр олон ажлыг хийдэг дээрээ тасралтгүй суралцаж, түүнийгээ салбартаа хэрэгжүүлсээр яваа нь гайхалтай.
Анх энэ салбартай холбогдсон түүний түүх сонирхолтой. Г.Баасанбилэгт МУИС-д химич мэргэжлээр суралцсан бөгөөд төгсөх жил нь Булган аймгийн СХЗХ-ийн дарга Г.Эрдэнэбилэг ирж, “Манайх лаборатори ажиллуулах гэж байгаа юм. Танай төгсөлтөөс хүн авмаар байна. Саналаараа явах хүн байна уу ” гэж асууж л дээ. Тухайн жил Булганаас төгсөгч байгаагүйн дээр ангийн 13 хүүхдээс нэг нь ч гараа өргөөгүй тул “Явах хүн байхгүй бол би явъя” гээд л огтоос таних хүнгүй, мэдэхгүй газарт ажиллахаар шийдвэр гаргачхаж.
Ингээд л оюутны ширээнээс шууд орон нутагт лаборатори шинээр босгох ажилд ороод явчихсан байгаа юм. Орон нутаг, дээр нь зах зээлийн шилжилтийн юм хомс үед урвалж бодисоос эхлээд лабораторид шаардлагатай зүйлсээ хаа сайгүй явж хайж олдог байж. “Зориулалтын сорох шүүгээгүй, зөөврийн устай нөхцөлд бүтээгдэхүүний дээжээ хэтэрхий их битүүмжлэлтэй нэрснээс болоод хий их хуримтлагдаж дусал баригч маань буудаж байсан, мөн Эрдэнэтийн лабораторид ажиллаж байхдаа усан банн дээр нэрэх юмыг асбест дээр нэрснээс ганц дусал эфирээс болж гал гарсан гэх мэт олон хөгтэй зүйл болж байлаа” хэмээн тэрээр хуучилсан. Лабораторидоо олон зүйлийг тэгээс эхэлж байсны нэг жишээ нь сорох шүүгээний зургийг өөрөө зурж, даргаараа батлуулаад хийлгэж байсан гэхээр аргагүй л ажлын гараанд дөнгөж гарсан, залуу насны эрч хүч харагдах аж. “Тухайн үед ганзагын бараа их орж ирнэ. Тэр болгонд дэлгүүрүүдээр орж дээжийг нь авч шинжилгээ хийнэ. Асуудалтайг нь Булганы сонинд бичиж, сэрэмжлүүлэг гаргана” хэмээн мөн тэрээр ярьсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан тухайн үед лабораторийн сорилтын инженер жилд 300 дээжид сорилт шинжилгээ хийх нормтой байсан бөгөөд Г.Баасанбилэгтийн хувьд жилд дунджаар хүнс, ахуй гоо сайхны 20-25 нэр төрлийн 500-550 дээжид 2500-3000 хими-физикийн үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж байсан тоо баримт байна.
Ийнхүү Булган аймгийн СХЗХ-т хоёр жил ажиллаж байгаад, Орхон аймгийн СХЗХ-ийн лабораторийг итгэмжлүүлэхэд мэргэжлийн хүн хэрэгтэй болсон тул Г.Баасанбилэгт тийшээ шилжжээ. Эрдэнэтэд ирээд 18 жил сорилтын инженерээр ажиллаж байгаад лаборатори нь Мэргэжлийн хяналтын газарт шилжсэнээр тэрээр Стандартын салбар сан хариуцах болсон байна. Энэ үед стандартаа сурталчлан, таниулах шаардлага гарсан тул Үйлдвэрчний эвлэлээс явуулсан багш арга зүйчийн сургалтад сууж мэдлэгээ дээшлүүлснээр стандартын танилцуулгыг сургалтын хэлбэрээр аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчилах болсноор MNS ISO /IEC 17025, MNS ISO 9001, MNS ISO 45001 зэрэг стандартуудын танилцуулах сургалтыг орон нутагт анх удаа бие даан явуулж эхэлжээ.
Тэрээр салбараас зохион байгуулсан мэргэшүүлэх сургалтуудад тогтмол хамрагдахын зэрэгцээ 2007 онд ШУТИС-ийн Хүнс, Биотехнологийн сургуульд “ХХАА-н мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”–ын дагуу зэрэг горилох сургалтаас ахлах зэрэгтэй, 2012 онд МҮЭ-ийн холбооны багш арга зүйч, олон улсын сургалтын эрх бүхий байгууллагуудад суралцан 2017 онд ХАБЭА-н ажилтан, 2018 онд ХАБЭА-н сургагч багш, 2019 онд менежментийн тогтолцооны дотоод аудитор, 2020 онд баталгаажуулалтын мэргэшсэн шинжээч болсон байгаа юм. Хамгийн гол нь сурснаа амьдрал дээр хэрэгжүүлж, ажиллах хүрээгээ улам тэлж, ачаалалдаа түүртэхгүй ард нь гараад байдаг нь тэр болгон хүний хийж чадаад байх овсгоо биш л дээ. Олон ажлыг зэрэг хийх үед чанар муудах тал бий. Харин Г.Баасанбилэгт аливаа ажлын ард заавал гарч байж салдгийг түүний ажиллаж явсан он жилүүдээс харж болно. “Нэг юм хийхээрээ дуусгах гээд хэт их суучихдаг. Анх Булганд сорилт туршилт хийх гээд хөглөж байхаасаа л ажилдаа улайраад суучихдаг байсан.
19 жил лабораторид зогсоо, түүнээс хойших 10 гаруй жилд нь суугаа ажлыг хэт олон цагаар хийснээс болж, венийн судасны бүдүүрэлтэй болж хоёр ч удаа хөлдөө судасны хагалгаа хийлгэжээ. “Өнгөрсөн жил нийгмийн асуудлыг маань шийдвэрлэж өгсөнд салбарын удирдлагууддаа баярлаж байгаа” гэдгээ тэр хэлсэн.
Ийнхүү оюутны ширээнээс “уригдаж”, энэ салбарт ирсэн мэргэжилтэн маань одоо ч сурах, хөгжих чин хүслээр, ажиллах хөгжих хоёрыг хослуулж явна. Төрийн албанд ийм л тууштай зүрх сэтгэлтэй, дайчин хүмүүс үнэнчээр зүтгэсээр үлддэг байх даа гэж бодогдсон. Хариуцсан ажлынхаа эзэн нь байж, хэлэх үгтэй, хийсэн ажилтай байх сайхаан.