1924 оны 3 дугаар сар Сангийн яамны харьяанд “Жин хэмжүүрийн тасаг” байгуулав.
Монгол Улсад гадаадын капитал ноёрхож байсан бөгөөд хятад худалдаачдын түүхий эд авах, бараа өгөх жин нь өөр өөр заалттай байсан явдлыг таслан зогсоох зорилгоор “Аливаа хэмжүүрийн дүрэм”-ийн гуравдугаар бүлгийн 13 дугаар зүйлд “Олон албаны газар ба худалдааны пүүс, худалдаачин нарын зэрэг аливаа хэмжүүрийн зүйлийг хэрэглэгчид тусгай зарласан хугацааны дотор нийслэл хүрээний газар Сангийн яамнаа, бусад газар мөн яамны салаадад, салаа үгүй ахул газар орны сайд буюу хошуудын газар өөр өөрийн хэрэгсэж бүхий хэмжүүр, тэгнүүрийг хянан үзүүлж тэмдэг даруулмуй”, 21 дүгээр зүйлд “Аливаа хэмжүүр, чигнүүр, годилыг арван гуравдугаар зүйлд дурдсан газруудад уг эздийн дэргэд хянан үзээд, хэрвээ эдгээр зүйлүүд нь арван зургаадугаараас арван есдүгээр хүртэлх зүйлүүдийн дотор дурдсанд таацах ахул тамга дарж уг эзэнд эгүүлэн олгомой” гэж заасан байна.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Сангийн яамны Татварын хэлтсийн харьяанд Жин хэмжүүрийн тасаг байгуулж тасаг нь улсын доторх жин хэмжүүрийг шалгаж “сан” гэсэн үг бүхий тусгай тэмдгээр хэмжүүрийг баталгаажуулахаар тогтоов.
/"ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН 100 ЖИЛ" түүхийн альманах номын хэсгээс ... /