
Манай Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдлийг шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх зорилгоор энэ сарын 20-22-ны өдрүүдэд Төрийн ордонд “Эрсдэлийн Үндэсний Форум” зохион байгуулагдана.
Тэгвэл өнөөдөр МУ-ын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, “Мандал санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Т.Батзул нар хэвлэлийн хуралд оролцож, мэдээлэл өглөө.
Энэ удаад “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж, цар хүрээгээ өргөтгөсөн онцлогтой болж байна.

Энэ талаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр: “Эрсдэл ба стандарт” форумыг Стандарт, хэмжил зүйн газар хамтран зохион байгуулагчаар оролцож байна. "Эрсдэлийг бууруулахад стандарт чухал үүрэг нөлөөтэй. Стандарт хаана хэрэгжиж байна тэнд эрсдэл бага байдаг. Энэ форум бол одоо үед маш чухал ач холбогдолтой. Стандарт хэрэгжихгүй байгаа учраас эрсдэл бий болдог. Тиймээс уг форумыг олон талын дэмжлэгтэйгээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна" гэв.
Форумын үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцох юм байна.
