Үнэт металлын үндэсний холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үнэт эдлэл, үнэт металлын “Mongolian Jewellery & Metal Expo” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, уламжлагдан ирсэн соёлын өв тээгч, уран дархчууд, гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага иргэдийг нэгтгэн, бүтээгдэхүүн үйлчилгээг төр болон олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Зохион байгуулагчаар "Үнэт металлын үндэсний холбоо”, "Стандарт, хэмжил зүйн газар", “Соёлын яам”, “Монгол банк” нар хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас Эрдэнийн чулуу таних, гэрчилгээ олгох, үнэт металлаар хийсэн эдлэлийн сорьц тогтоох, сорьцын баталгааны тэмдэгийн талаар мэдээлэл өгч байна.
Үзэсгэлэн яармаг 2023 оны 04 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд “Мишээл Экспо” Олон Улсын Үзэсгэлэнгийн танхимд 10:00 - 19:00 цагийн хооронд үргэлжилнэ.