Шадар сайд С.Амарсайхан стандартын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд яамдын сайд нартай уулзалт хийж, энэ чиглэлээр хамтран ажиллагаагаа илүү тодорхой болгож байгаа. Энэ бодлогын хүрээнд Эрүүл мэндийн яаман дээр өнөөдөр ажиллалаа.
Өдгөө эрүүл мэндийн салбарт хамаарах 702 стандартад шүүлт хийснээр 218-ийг шинэчлэх, 88-ийг хүчингүй болгох шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 11 стандартыг яаралтай батлах шаардлагатай байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцлон анхааруулсан.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн хэлэхдээ, “Эмчилгээний аргачлал байнга шинэчлэгдэж байдагтай холбоотой дагаж мөрдөх стандарт нь шинэчлэгдэх шаардлагатай болдог. Гэвч стандартыг боловсруулж, батлах үйл явц цаг хугацаа шаарддаг учраас эмчилгээний арга аргачлалтай холбоотой журмыг заавар зөвлөмжийн дагуу зохицуулах нь зөв гэдэг дээр санал нэгдсэн” гэв.
Дээрх хүчингүй болсон стандартын ихэнх нь эмтэй холбоотой бөгөөд энэ төрлийн стандартыг Стандарт, хэмжил зүйн газар биш Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар баталдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын шадар сайд С.Амарсайхан “Стандартыг олон байгууллага баталдаг байж болохгүй. Тиймээс эмийн стандартыг Стандарт, хэмжил зүйн газар баталдаг байх нь зүйтэй. Харин стандартыг мөрдүүлэхэд бүх салбар, яамд анхаарч, холбогдох стандартуудаа олон нийтэд сурталчлан таниулах тал дээр анхаарах хэрэгтэй” гэдгийг хэлсэн юм.