Худалдаан дахь техникийн саад тотгорыг бууруулах нэг хүчин зүйл нь бүтээгдэхүүний чанар, сорилтын, хэмжлийн үр дүнг улс орнууд харилцан хүлээн зөвшөөрөх явдал юм. Нэг ижил бүтээгдэхүүний (нүүрсний калори, хүнсний бүтээгдэхүүний найрлага, барааны хэмжээс, үнэт металлын орц, жин, хэмжих хэрэгслийн алдаа, хазайлт, нефть хийн бүтээгдэхүүний зарцуулалт гэх мэт) үзүүлэлтүүдийг А болон В улсын лабораторид хэмжихэд яг адилхан гарахгүй ч утгуудын хэмжлийн эргэлзээний муж ямар нэг байдлаар давхцаж байвал А болон В улсын лабораторийн чадавхи буюу эквивалент гэж харилцан хүлээн зөвшөөрдөг. Эквивалент байдлыг тодорхойлох үндсэн шалгуур нь үр дүнгийн хэмжлийн эргэлзээ юм. Үүнийг лабораторийн шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхи буюу олон улсын нэршлээр СМС гэдэг.
Аль нэг улсын хэмжил зүйн хүрээлэнгүүд тодорхой хэмжлийн төрлөөр шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхи СМС –ээ BIPM–ийн дээр дурдсан удирдамж, тодорхойлолтын дагуу бэлтгэн, үнэлүүлэн CIPM түлхүүр харьцуулалтын өгөгдлийн санд байршуулсан тохиолдолд тухайн улсад хийсэн хэмжлийн үр дүнг (өөрөөр хэлбэл шалгалт тохируулгын гэрчилгээ/сорилтын гэрчилгээ) олон улсад хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Дээр дурдсанчлан СМС–г бэлтгэн, үнэлүүлэн нийтлүүлэх нь урт хугацааны үйл явц бөгөөд дараах шаардлагыг урьдчилан хангасан байх хэрэгтэй. Үүнд
1) CIPM MRA –д нэгдэн орсон байх;
2) Үндэсний анхдагч эталон нь СИ системийн тодорхойлолтын дагуу бий болгосон эсвэл CIPM MRA-д нэгдсэн улсын тийм эталоноос нэгж дамжуулсан байх;
3) Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн байх;
4) Тухайн хэмжлийн төрлөөр олон улс, бүс нутгийн хэмжээнд харьцуулалтад оролцох;
5) Тухайн хэмжлийн төрлөөр итгэмжлэгдсэн, ижил түвшний үнэлгээ хийлгүүлэх;
Манай улсын хувьд СХЗГ нь 2013 оны Монгол улсыг төлөөлж CIPM MRА хэлэлцээрт нэгдэн гарын үсэг зурсан нь хэмжлийн төрлөөр СМС үнэлүүлэн нийтлүүлэх суурийг тавьсан билээ. 2015 онд ISO 9001 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцоог францын гэрчилгээжүүлэлтийн AFNOR байгуулагаар үнэлүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Уртын эталоны чиглэлээр төгсгөлт уртын хэмжүүрийн төрлөөр 2019 онд АРМР-ийн хосолсон харьцуулалтад БНХАУ-ын хэмжил зүйн хүрээлэнтэй хамтран оролцсон.
Хэмжил зүйн хүрээлэнгийн эталоны лаборатори нь СМС үнэлүүлж, бүртгүүлэхээр Ази номхон далайн хэмжил зүйн байгууллага(AРMP)–д хүсэлтээ гаргаж, бүс нутгийн хэмжил зүйн байгууллага, олон улсын байгууллагын шат шатны үнэлгээнд тэнцсэнээр массын эталоны төрлөөр 2020 оны 7-р сарын 15-ны өдөр, уртын эталоны чиглэлээр 2022 оны 10 сарын 31-ны өдөр Олон улсын жин хэмжүүрийн товчооны цахим мэдээллийн сан буюу KCDB-д албан ёсоор бүртгүүлсэн.
Ингэснээр үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар хангалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжихэд, худалдаан дахь техникийн саадыг арилгахад хэмжил зүйн талаас жинтэй хувь нэмэр болно. Техникийн саадаас үүсэлтэй үргүй зардлын өсөлт, бараа таваар саатах, олон дахин шалгах явцыг багасгах ач холбогдолтой юм.