Он солигдох мөчид Стандартын хэмжил зүйн газрын хамт олон ажлаа дүгнэн баярын хурлаа хийж, 2022 оны шилдэг ажилтан албан хаагч, шилдэг нэгжээ шалгарууллаа. Өнгөрөгч 2022 онд ажил үйлсээрээ манлайлан, амжилтаараа тэргүүлсэн шилдэг хамт олноор Захиргаа, удирдлагын газар, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, цахимжуулахад идэвх санаачилгатай ажилласан Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход манлайлан оролцсон Хэмжил зүйн бодлогын газар тус тус шалгарлаа.
Энэ өдөр Стандарт, хэмжил зүйн салбарын албан хаагчдад төрийн одон медалийн хур буусан өдөр байлаа. Тухайлбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 албан хаагч, Алтан гадас одонгоор 5 албан хаагч, Хөдөлмөрийн хүндэт медалиар 9 албан хаагч хүн энгэрээ мялаалаа. Мөн Стандарт, хэмжил зүйн салбарын хүндэт тэмдгээр 1 албан хаагч, Стандарт, хэмжил зүйн газрын жуухаар 2 албан хаагч шагнуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг 11 албан хаагч гардсан юм.
Түүнчлэн Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж, байгууллагын санхүүгийн сахилга батыг сайн мөрдөн ажиллахад удирдлага, зохион байгуулалтаар хангасныг үнэлж, СХЗГ-ын дарга Б.Билгүүнд Төрийн хяналтын “Тэргүүний ажилтан” тэмдгийг Үндэсний аудитын газрын төлөөлөл ирж гардуулав.
Энэхүү тайлангийн баярын хурлын үеэр Агентлагийн дарга “2022 онд бид байгууллагын үйл ажиллагааг илүү цахимжуулах, хууль тогтоомжийг шинэчлэхэд анхаарч, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурч мэргэшүүлэх тал дээр илүү төвлөрсөн жил байлаа. Энэ 2023 онд салбарын хууль тогтоомжид өөрчлөлт орж, МХЕГ-ын зарим чиг үүрэг, бүтэц шилжиж, ам бүл нэмж, ажил хэрэг ундарсан жил болно” гэдгийг онцолсон юм.