ӨМӨЗО-ны Хөх хотод Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын газар (SAC) хооронд 2023 оны 09 сарын 06-ны өдөр нөхөрсөг уулзалт зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалтад БНХАУ-ын Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын газрын төлөөлөл ӨМӨЗО-ны Хөх хотноо зохион байгуулагдаж буй Хятад-Монголын 4 дүгээр Экспод оролцож байна. Монгол Улсаас Стандарт, хэмжил зүйн газрыг төлөөлж СХЗГ-ын Даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа нар СХЗГ-ын стандартчилал, тохирлын үнэлгээний холбогдох мэргэжилтнүүдийн хамт оролцож байгаа юм.
Харин БНХАУ-ын Үндэсний зах зээлийн хяналт удирдлагын газрыг төлөөлж Дэд дарга Тянь Шы Хун холбогдох стандартчиллын мэргэжилтнүүдийнхээ хамт оролцож байна. Мөн энэ уулзалтанд Монгол Улсын Шадар Сайдын Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил хүндэт зочноор оролцож, Монгол Улсын Засгийн газрын стандартчиллын чиглэлээр баримталж буй бодлого, зохицуулалтыг танилцуулж, цаашид БНХАУ-ын SAC-тай хамтран ажиллах тэргүүн чиглэлийн талаар, тэр дундаа СХЗГ-ын хүний нөөцийг чадавхижуулах, тоног төхөөрөмж, техник хангамжийг сайжруулах нь цаашлаад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулах талаар саналаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр SAC-ийн дэд дарга Тянь Шы Хун манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа 2015 оноос эхлэн үр дүнтэй хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд, цаашдын хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гарган хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах хэлэлцээрээ шинэчлэн байгуулж, эрчим хүч, барилгын материал, уур амьсгал, цөлжилтийн асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, цаашид СХЗГ-ын чадамж, хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцов.
ӨМӨЗО-ны Хөх хотод болж буй Хятад-Монголын 4 дүгээр Экспо 2023 оны 09-р сарын 06-10-ны өдрүүдэд болж байна.