Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, олон нийтэд стандартын боловсрол олгох соён гэгээрүүлэх зорилгоор “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд Аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтэс тус бүр олон нийтийн хэлэлцүүлгийг тухайн орон нутагтаа зохион байгуулж байна.
Ховд, Баян-Өлгий, Сүхбаатар, Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж иргэд, олон нийтээс хөтөлбөрт тусгах саналыг авлаа.
Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2023 оны 02 сарын 28-ны өдөр нийт 14 төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулан хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Соёл урлагийн газар, Татварын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбар, Сүхбаатар хөгжил Үйлдвэрлэл, Технологийн Парк зэрэг байгууллагууд хөтөлбөрийн төсөлд 7 санал оруулсан.
Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт 80 гаруй иргэд, Дорнод аймагт нийт 40, Төв аймагт 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Баян-Өлгий аймагт “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа юм.