Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, амьдралын чанарыг сайжруулах зорилго бүхий Стандарт, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн төслийг тус тус Стандарт, хэмжил зүйн газраас боловсруулан, төслийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Монгол Улсын Шадар Сайдын баталсан хуваарийн дагуу ээлжит хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зам, тээвэр хөгжлийн яамны хурлын танхимд 09:30 цагаас цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Д.Гэрэлням болон холбогдох албан хаагчид, мөн тус яамны харьяа байгууллагуудын төлөөлөл, Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд нийт 40 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос давхардсан тоогоор 30 орчим санал ирүүлсэн бөгөөд саналыг нэгтгэн Стандарт, хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, “Стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр”-т тус тус тусгаж, мөн цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд оруулж ажиллахаа зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.
Тус хэлэлцүүлэг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын техникийн хороодын гишүүдийн хамтарсан хэлэлцүүлгээр эхэлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн ийнхүү Төрийн захиргааны төв байгууллагуудаар зохион байгуулж байна.