Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон Солонгос улсын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS) хооронд хэмжил зүйн салбарт хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж байсан юм.
Тодруулбал, Анх 1997 онд хэмжил зүй, физик, хими, инженерчлэлийн салбарт эталоны шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэмжил зүйн нарийн мэргэшлийн мэдээлэл, туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэж чадавхижуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг.
Солонгос Улсын Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэн нь Хэмжлийн эталон, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр Бүгд найрамдах Солонгос Улсдаа төдийгүй Олон Улсын түвшинд тэргүүлэх байр эзэлдэг Хэмжил Зүйн Шинжлэх Ухааны байгууллага юм.
Стандарт, хэмжил зүйн газар нь 26 жилийн турш Солонгосын Хэмжил зүйн байгууллагатай Хэмжлийн эталон, эрдэм шинжилгээ, судалгаа, хэмжил зүйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн юм. Мөн өндөр нарийвчлалын эталонуудыг шинээр бий болгох, мэргэжилтэн солилцох, тэдгээрийг урт хугацааны хэмжил зүйн сургалтад хамруулан мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхааран ажилладаг.
Үүнээс гадна Монгол Улсын эталоны нэгж дамжуулалт, шалгалт тохируулга, ур чадварын лаборатори хоорондын харьцуулалт хийх, хэмжил зүйн байгууллагын эталоныг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх, уулзалт семинар, хамтарсан нөхөрсөг спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2023 оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо хөлбөмбөгийн “Нөхөрсөг” тоглолтыг зохион байгуулана.
Энэ нь Солонгос, Монголын хэмжил зүйн салбарт хамтран ажиллахаар байгуулсан санамж бичиг, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөгжүүлэх зорилготой юм. Мөн тус хоёр байгууллагын хамтарсан Эталон, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн мэдээлэл, туршлага солилцох уулзалт болно. Уулзалтын үеэр эзэлхүүн, зарцуулалт, хий, цахилгаан, масс болон физик хими, нягтын хэмжлийн эталон, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр туршлага солилцох, заавар, зөвлөгөө өгөх, харилцан танилцуулга мэдээлэл хийх, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах юм.