Олон улсын органик салбарын BioFach-2023 үзэсгэлэн ХБНГУ-ын Нюрнберг хотод 2023 оны 2-р сарын 14-өөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт Хэмжил зүйн Газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, хөндлөнгийн баталгаажуулалтын Эс Эф Си Эс ХХК зэрэг байгууллагын 12 төлөөлөгч Дэлхийн банкны санхүүжилттэй “Экспортыг дэмжих” төсөл, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын дэмжлэгтэйгээр оролцлоо.
BioFach-2023 арга хэмжээ нь 34 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 130 улсын 3200 гаруй худалдааны компани, баталгаажуулалт, хяналтын байгууллага, 51000 гаруй хэрэглэгч оролцлоо. Энхүү үзэсгэлэн нь органик хөгжлийн ирээдүйн чиг хандлага, худалдааны гэрээ хийдэг жилийн хамгийн чухал B2B платформ юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 191 улсын 37 сая фермер нийт 76.4 сая га талбайд 124,8 тэрбум еврогийн органик бүтээгдэхүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа ба органик зах зээл 2022 онд 1.7 хувиар өссөн байна. Швейцар улс нэг хүнд ногдох органик бүтээгдэхүүний хэрэглээгээр дэлхийд тэргүүлж байгаа ба жилд дунджаар 425 евро зарцуулж байна.
Мөн үеэр Америкийн Нэгдсэн Улс органик салбарт 300 сая ам.долларын санхүүжилт олгох, ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Сем Оздемир 2030 он гэхэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 30 хувийг органикт шилжүүлэх, мөн судалгаа хөгжүүлэлтийн зардлын 30 хувийг органик салбарыг хөгжүүлэхэд зарцуулах болсноо албан ёсоор мэдэгдэв.
Монгол Улсын төлөөлөгчид ОУ-ын Органик Хөдөө Аж Ахуйн Холбооны Ерөнхийлөгч хатагтай Карен Мапузагаас ХХААХҮЯ-ны санал өгөх эрхтэй гишүүнчлэлийн үнэмлэхийг гардан авлаа. Мөн Монгол Улсын органик бүтээгдэхүүнийг Европын зах зээлд экспортлох, худалдааг хөнгөвчлөх зорилгоор Польш улсын итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн ОУ-ын Органик Хөдөө Аж Ахуйн Холбоо (IFOAM)-ны итгэмжлэлийн байгууллага (IOAS)-ын Гүйцэтгэх захирал ноён Дэвид Крусэфикстай уулзаж, Монгол Улсын Стандарт, Хэмжил Зүйн Газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар болон Эс Эф Си Эс ХХК-ийг IAOS – аар итгэмжлүүлэх гэрээний нөхцлийг харилцан тохиролцов.