Олон Улсын Цахилгаан техникийн хорооны 86 дахь ерөнхий чуулга уулзалт 10 дугаар сарын 31-нд эхэллээ. Тус чуулганд орон орны 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд манай улсаас Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, Олон Улсын Цахилгаан техникийн хорооны "Хөгжиж буй орнууд"-ын хөтөлбөрийн тэргүүн Г.Батцэнгэл тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. Энэ үеэр "Хөгжиж буй орнууд"-ын хөтөлбөрийн тэргүүн Г.Батцэнгэл 2020-2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцууллаа. Мөн стандартыг хэрэгжүүлэх, хангуулахын ач холбогдол, тохирлын үнэлгээний зарчмаар цахилгаан бараа, эрчим хүчний чанарын дэд бүтцийг хөгжүүлэх, энэ төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах, устгах стандартуудын талаар танилцуулга боллоо. СХЗГ-ын дарга Б.Билгүүн хэлэхдээ “Монгол Улс идэвхтэй ажиглагч гишүүний хувьд энэхүү чуулганд оролцож байгаа бөгөөд зэрэглэлээ ахиулахаар ажиллаж байна” гэсэн юм.