Стандарт, хэмжил зүйн газрын салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөөний дагуу Сорьцын хяналтын газраас хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоох үнэт эдлэл, мөнгөн аяга, эрдэнийн чулуу худалдан борлуулдаг дэлгүүрдэд хяналт шалгалтыг хийлээ.
Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх ажил хийгдэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж холбогдох байгууллагуудад танилцуулах, шийдвэрлүүлэх зорилготой юм.
Тодруулбал шалгалтын үеэр:
- Үнэт эдлэлийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх,
- Сорьцын баталгаажуулалтанд хамрагдсан эсэх,
- Стандартын дагуу мөнгөн аягыг үйлдвэрлэсэн эсэх,
- Эрдэнийн чулууны гэрчилгээтэй эсэх,
- Импортоор оруулж ирсэн эдлэлийн сорьц, эрдэнийн чулууны тодорхойлолт нь худалдааны гэрээ болон гэрээнд заасан сорьцын баталгааны тэмдэг, эрдэнийн чулууны тодорхойлолттой тохирч байгаа эсэх,
- Худалдаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэл нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтанд хамрагдсан эсэх
Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч 6 аж ахуй нэгж, талбай түрээслүүлэгч 30 орчим иргэн, хуулийн этгээдэд урьдчилсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнээс импортоор оруулж ирсэн 48 ш алтан гинж, ээмэг бөгжний 27 ш хослол, мөнгөн аяга 20 ш тус тус сорьцын баталгаажуулалтанд хамруулах талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан байна.
Эдлэлийн баталгаажуулалт нь хууль тогтоомж, дүрэм, журам, холбогдох стандартын шаардлага хангаагүй тохиолдолд хуульд заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зөрчлийг таслан зогсооно гэдгийг Сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат хэллээ. Хяналт, шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.