Жин ба хэмжүүрийн олон улсын товчоо(BIPM), Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага(BILM)-ын захирлуудын мэндчилгээг хүргэж байна.
Хэмжил зүй нь хэмжлийн шинжлэх ухаан ба түүний хэрэглээ бөгөөд шинжлэх ухаан, технологийн хөгжил, дэвшлийн нэн тэргүүн эгнээнд байсаар ирсэн. Түүний үр нөлөөг бидний амьдралын өдөр тутамд, нийгмийн бүхий л салбарт харж болно.
Энэ жил Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Тогтвортой байдал’’ уриан дор тэмдэглэж байна.
Нарийвчлалтай хэмжил нь хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ болон бодлого, шийдвэр боловсруулах суурь болдог бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн нөөцийн хомсдол зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэх боломжийг олгодог юм. “Тогтвортой байдал’’ сэдэв нь хэмжил зүй бидний өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулахад хэрхэн нөлөөлж байгааг судлахад тусална. Тухайлбал: Нарийвчлалтай, үнэн зөв хэмжил нь хүрээлэн буй орчны хяналтыг сайжруулах, хүний хүчин зүйлээс шалтгаалсан нөлөөллийг зөв үнэлэх, экологийн тэнцвэрт байдлыг дэмжих стратеги боловсруулах боломжийг бидэнд олгодог. Хэмжил зүй нь хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, хог хаягдлыг хэмжих, эсвэл амьдрах орчны хяналт зэрэг үйл ажиллагаанд шийдвэр гаргахад тусалдаг.
Хэмжил зүй нь бохирдуулагч хүчин зүйлийг нарийвчлалтай хэмжих, тооцоолох, хянах, тайлагнах, аудит хийх зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг хүлэмжийн хийг тооцоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүрээлэн буй орчныг бохирдуулагч бодисыг тэрбум хуваасны нэг нарийвчлалтай хэмжсэн үр дүн, үнэн зөв өгөгдөлд үндэслэн хүлэмжийн хийг бууруулах болон байгаль орчныг хамгаалах бусад зохицуулалтын арга хэмжээ авдаг.
Нэгдсэн үндэсний байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (SDGs) болон дэлхийн тогтвортой хөгжлийг хангахад Хэмжил зүй нь чухал ач холбогдолтой юм.:
- Хууль эрхийн хэмжил зүйн ажил үйлчилгээ нь шударга, ил тод худалдааг дэмжиж, эдийн засгийг сайжруулах, ядуурлыг бууруулахад бидэнд бүхий л талаар тусалдаг;
- Үнэн зөв найдвартай, харьцуулж болохуйц сорилт, туршилт, шинжилгээний үр дүн нь хүний эрүүл мэнд, амьдралын чанарыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой;
- Уур амьсгалын үр дүнтэй арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн үзүүлэлтүүд болон ялгарлыг тогтоох хэмжлийн технологид суурилдаг ба түүнчлэн сөрөг нөлөөллийг бууруулах стратегийн үр нөлөөг хянадаг;
- Хэмжил нь биднийг хямд, сэргээгдэх эрчим хүчээр хангах технологийг хөгжүүлэх, хянахад чухал үүрэгтэй;
- Аж үйлдвэрлэлийн инноваци, дэд бүтэц нь өргөн цар хүрээний үзүүлэлтүүдийн нарийвчлалтай хэмжлийн үр дүнгээс хамаардаг.
Дэлхийн хэмжил зүйн өдрийн 2024 оны энэ сэдэв нь эдгээр бүх тохиолдолд хэмжил зүйн чухал үүргийг онцолж, эх дэлхийгээ хамгаалах нь бидний хамтын хариуцлага гэдгийг сануулж байна.
2023 оны 11 дүгээр сард болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганы үеэр жил бүрийн 05 дугаар сарын 20-нд тэмдэглэдэг энэ өдрийг ЮНЕСКО-гоос албан ёсоор хүлээн зөвшөөрч баталсан шийдвэрийн дагуу Дэлхийн хэмжил зүйн өдрийг сурталчлах шинэ хуудас энэ жил тохиож байна. Энэ нь хэмжил зүйг сурталчлах шинэ боломжийг олгож байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан илүү сайн ертөнцийг бий болгох ЮНЕСКО-гийн эрхэм зорилгод нийцэж байна.