Монголын барилгын үндэсний ассоциаци, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллага хамтран “Бүтээн байгуулалтын салбарын төслийн удирдлагын форум”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн төлөөллүүд чуулсан тус арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газар дэмжигч байгууллагаар оролцсон бөгөөд СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул “Олон улсын стандартчилал ба хөгжлийн санаачилга” сэдвээр илтгэл тавив.
Нээлтийн үеэр Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги, бодлогын зөвлөх нэгжийн дарга Ц.Өнөржаргал хэлэхдээ, “Манай байгууллага, Стандарт, хэмжил зүйн газартай 2013 оноос өргөн хүрээнд хамтран ажиллаж, нягт уялдаа холбоотой байсаар ирсэндээ таатай байдаг” гэв.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон МБҮА-ийн стратеги бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын салбарын хөгжлийн зураглалыг форумд хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгч хамтран гаргаж, санал бодлоо дэвшүүлсэн нь тус форумын онцлог байлаа. Ийнхүү нэг өдрийн турш бүтээн байгуулалтын салбарын хэтийг хөгжлийн бодлогуудтай уялдуулан хэлэлцсэн, үр дүнтэй форум болж өнгөрлөө.