Филиппин Улсын Бохол аралд “Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум байгууллага (APLMF) -ийн "2023 оны Форум" арга хэмжээ болж, Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл, ахлах мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг нар 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд оролцлоо.
Энэхүү форумын үеэр Савласан бүтээгдэхүүн, Хэрэглээний тоолуур, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын хэмжил, Хэмжил зүйн хяналтын тогтолцоо, OIML баталгаажуулалтын систем, Жинлэх хэмжих хэрэгсэл, Эмнэлгийн хэмжил, Түлшний хэмжлийн ажлын хэсгүүд 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, 2024 онд хийхээр төлөвлөж буй ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага (OIML)-ын баталгаажуулалтын систем (CS)-ийн үйл явц, шинээр батлагдсан болон дахин хянагдаж байгаа стандартуудын мэдээллүүд, e-learning платформ дээр шинээр нэмэгдсэн сургалт болон 2024 онд цахимаар болон танхимаар зохион байгуулагдах семинар, сургалтуудын мэдээллийг өглөө.
Үүнээс гадна гишүүн улс орон бүр 2023 онд өөрсдийн хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд, хэмжил зүйн тогтолцоо, хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалт, хэмжил зүйн үйл ажиллагааны үнэлгээ бүртгэл, хэмжил зүйн хяналтын ажлын хамрах хүрээ, тоон мэдээллийг танилцуулж, алсын зайн туршилт, хууль эрхийн хэмжил зүйн дижитал шилжилтийг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар улс орнууд туршлагаа хуваалцлаа.
Ази, Номхон Далайн Хууль эрхийн Хэмжил зүйн форум (APLMF) бүс нутгийн хэмжил зүйн олон улсын байгууллага нь хууль эрхийн хэмжил зүйн салбарт техникийн болон захиргааны саад тотгорыг арилгах, уялдуулах замаар хууль эрхийн хэмжил зүйг хөгжүүлэх, чөлөөт болон нээлттэй худалдааг дэмжих зорилго бүхий Ази, Номхон Далайн эргийн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн байгууллагын нэгдэл юм. Гишүүн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн үйл ажиллагааны харилцан итгэлцлийг бий болгох, үйлчилгээний уялдаа холбоо, нэгдмэл байдлыг дэмжих зорилгоор APLMF -ын уулзалт, хурал зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, ажлын хэсгүүдэд гишүүнээр ажиллах, саналаа дэвшүүлж, сонгох эрхтэйгээр оролцох, сургалт, семинарт ажилтнуудыг хамруулан хамтран ажилладаг.
Монгол Улсыг төлөөлж Стандарт, хэмжил зүйн газар нь APLMF-ийн жинхэнэ гишүүнээр 1997 онд элсэн хамтран ажиллаж байна.