ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхижуулах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон сургалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Төслийн багийн бүрэлдэхүүн 2022.05.17-оос 20-ны өдрүүдэд тус аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын баг, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс албадын дарга нарт зориулсан сургалтаар 4 өдрийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, албадын даргын нэгжийн дарга, ахлах мэргэжилтнүүд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын эмч мэргэжилтнүүд болон ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд нийтдээ 400 орчим төрийн албан хаагчид тусгай хөтөлбөрийн хүрээнд хамрагдана.