“Дэлхийн чанарын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Стандарт, Хэмжил Зүйн Хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлөөс жил бүр Дархан-Уул аймгийн “Шилдэг чанарын менежер”-ийг шалгаруулдаг уламжлал тогтоод 9 жил болж байна.
Энэхүү шалгаруулалтыг “Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилтууд, хүрэх арга замыг хэр зөв оновчтой тодорхойлсон, хэрэглэгчдийн болон хамтрагч байгууллага, хүмүүсийн эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлыг харгалзан үздэг байдал, олон улсын чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан байдал, үр дүн" зэргийг харгалзан 2021 оны “Шилдэг чанарын менежер”-ээр аймгийн “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга Д.Сэлэнгэ шалгарууллаа.
Д.Сэлэнгэ нь төрийн байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтэрүүлэн, удирдлага хяналтын тогтолцоог үр ашигтай оновчтой зохион байгуулах, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, ил тод нээлттэй байдлыг ханган ажиллаж байгаа амжилтаараа бусад ААНБайгууллагуудаас шалгарч “Шилдэг Чанарын Менежер-2021” цом, өргөмжлөлөөр шагнуулж, хэлтсийн “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж алдаршууллаа.
Мөн аймгийн “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”-ийг шалгаруулсан бөгөөд аймгийн "Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн"-ээр “Як трейд” ХХК-ийн “Сибирь як” нэхий дотортой хүрэм шалгарлаа.