Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бүх хүмүүстээ Дэлхийн хүнсний өдрийн мэнд хүргэж эрүүл энхийг хүсье.
Ирээдүйн хоол хүнс. Хөдөө аж ахуй, хүнсний тогтвортой тогтолцооны стандарт.
Дэлхий дээр маш олон хүн өлсөж байна. Хэрэв бид үнэхээр тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоотой байсан бол хүн бүхэн хангалттай хооллож, хүрээлэн буй орчин хохирохгүй байх байсан. Энэ зорилгод хүрэхийн тулд бидний хийж чадах олон зүйл байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг “Бидний үйл ажиллагаа бол бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан олон стандарт байдаг.
Олон улсын стандартчиллын байгууллагаас 2019 онд баталсан “ISO/TS 26030, Нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжил. ISO 26000: 2010 стандартыг хүнсний сүлжээнд ашиглах заавар” нь хүнсний сүлжээнд байгаа байгууллага тогтвортой хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар зааварчилгаа өгдөг. Энэ нь хүнс үйлдвэрлэгч, фермерийн аж ахуй, хоршоо, жижиглэн худалдаа эрхлэгч зэрэг байгууллагуудад нийгмийн хариуцлагаа ухамсарлах үйл ажиллагааны жагсаалтыг гаргахад туслах болно.
Энэхүү баримт бичиг нь хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэлийг төрүүлэх, хөдөө аж ахуйн зохистой дадлыг сайжруулах, тогтвортой, ёс зүйтэй худалдан авалтыг дэмжих замаар дэлхийн өлсгөлөнг арилгахад шууд тусалдаг хүнсний үйлдвэрлэлийн салбарын олон улсын 1600 гаруй стандарт, удирдамж, баримт бичгийн зөвхөн нэг нь юм. Үүнд хүнсний үйлдвэрлэл, фермерийн аж ахуй, сав баглаа боодол, нийтийн хоол, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэжээлийн үйлдвэрлэлтэй холбоотой стандартыг хамарсан ISO 22000 хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны цуврал стандартууд мөн адил хамаарна.
Хөдөө аж ахуйн салбарт тогтвортой ажлын арга барил болон хангалттай цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэх нь чухал юм. Олон улсын стандартчиллын байгууллагаас гаргасан “IWA 29, Мэргэжлийн фермерийн байгууллага. Удирдамж” баримт бичиг нь хөгжиж буй зах зээл дэх жижиг фермер байгууллагыг мэргэшлийн хувьд өсгөн дэлхийн зах зээл рүү орох чадавхийг идэвхжүүлэх замаар дэмжлэг үзүүлнэ.
Олон улсын стандартчиллын байгууллагаас тогтвортой, хариуцлагатай үйлдвэрлэлийн аргад чиглэсэн нийгмийн хариуцлагын ISO 26000, тогтвортой худалдан авалтын ISO 20400 гэх мэт хэд хэдэн стандартыг баталсан байдаг. Эдгээр нь хөдөлмөрийн ёс зүйн нөхцлийг дэмжиж, хүнсний сүлжээнд худалдан авах ёс зүйн туршлагыг сурталчилдаг.