ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР 05 ДУГААР САРЫН 20-НД БОЛНО
Хэмжил дэлхийн хүнсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь
Дэлхийн хэмжил зүйн өдрийг 1875 оны Метрийн хэлэлцээрийг баталсан өдрийг тохиолдуулан 5 дугаар сарын 20-нд тэмдэглэдэг билээ. Метрийн хэлэлцээрээр, шинжлэх ухааны ололт, инновац, үйлдвэрлэл, олон улсын худалдаа, амьдралын чанарыг сайжруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах үндэс суурь болсон дэлхий нийтийн хэмжлийн нэгдмэл тогтолцоог бий болгосон юм.
2023 оны Дэлхийн хэмжил зүйн өдрийг “Хэмжил дэлхийн хүнсний тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь” уриан дор тэмдэглэж байна. 2022 оны төгсгөлд 8 тэрбум хүн амтай болсон дэлхийн хүнсний хангамж болон уур амьсгалын өөрчлөлтийн өсөн нэмэгдэж байгаа сорилтоос үүдэн энэ сэдвийг сонгосон болно.
Дэлхийн өнцөг булан бүрт Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд хэмжлийн шинэ техникийг шаардлагатай нарийвчлалын түвшинд бий болгож, хэмжил зүйн шинжлэх ухааныг хөгжүүлж байна. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд Жин хэмжүүрийн олон улсын товчоо (BIPM)-оос зохион байгуулах хэмжлийн харьцуулалтад оролцон үр дүнгийн найдвартай, үнэн зөв байдлыг хангадаг.
Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага (OIML)-аас олон салбарт тавигдах шаардлагуудыг уялдуулан нийцүүлэх зорилгоор зөвлөмжийн стандартуудыг боловсруулж байна. Мөн түүнчлэн Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага (OIML)-аас заавал хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулан зохицуулагдах хэмжих хэрэгслийн олон улсын худалдаа болон хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хөнгөвчлөх тохирлын үнэлгээний тогтолцоог (OIML-CS) хариуцан ажиллаж байна.
Эдгээр олон улсын хэмжил зүйн тогтолцоо нь хэмжлийн үнэн зөв, найдвартай байдалд итгэлтэй байх баталгаа өгч өнөөдрийн дэлхийн худалдааны суурь болж, ирээдүйн сорилтуудад бэлтгэхэд бидэнд тусална.
Дэлхийн хэмжил зүйн өдрөөр засгийн газар хоорондын болон үндэсний хэмжил зүйн байгууллагууд, хүрээлэнгүүдэд ажиллаж буй бүх хүмүүсийн оруулсан хувь нэмрийг үнэлж, тэмдэглэдэг билээ.