Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь 7 хоногийн пүрэв гарагт дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд 11 дүгээр сарын 10-нд тохиож байна.
Манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 19 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгуулж байгаа билээ.
Үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм.
Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг.
Дэлхийн олон улс оронд эдийн засгийн тэргүүлэх асуудлын нэг нь чанар байдаг. Чанар нь аж ахуйн нэгжийг амжилтад хүргэх түлхүүр юм. Энэ ойлголт нь хүний хүрээлэн буй орчин болон бие махбод, сэтгэл санааны сайн сайхан байдлыг багтаадаг амьдралын чанартай нягт холбоотой билээ. Энэ асуудалд анхаарлаа хандуулахын тулд олон улсын чанарын өдрийг бий болгосон аж.
#Чанарын_өдрийн _гол_ зорилго: Бараа, үйлчилгээний чанарын түвшинтэй холбоотой асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд хувь нэмрээ оруулах, үйл ажиллагааг өрнүүлэх, дэмжих явдал юм.